Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Европын холбооны визний бодлогыг өөрчлөх төсөл гаргажээ

Европын холбооны визний бодлогыг өөрчлөх төсөл гаргажээ

Шенгений визийн журамд өөрчлөлт оруулахаар болжээ

Европын холбооны зөвлөл Европын холбооны визний бодлогыг өөрчлөх төсөл гаргажээ. Энэ нь хурдтай хөгжиж буй технологийн шинэчлэлтэй холбоотойгоос гадна улс орнуудын аюулгүй байдал, цагаачдын асуудал зэргийг зохицуулах зорилготой ажээ.

-Цагаачдын асуудлаар хамтран ажиллаагүй орнуудын визэд хязгаарлах бодлого баримтална-

Юуны өмнө визийн бодлогыг өөрчлөх төсөлд хуулийн дагуу зорчих жуулчдын визийг түргэн гаргаж өгөх санал дэвшүүлсэн байна. Хоёрдугаарт, Европын холбооны хамтын визийн бодлогод өөрчлөлт оруулах нь Европын холбооны бус орнууд хууль бус цагаачдыг эх оронд нь буцаах талаар хамтран ажиллахад тустай гэж үзжээ. Хэрэв хууль бус цагаачдыг хүлээн авах талаар түнш орнууд сайн хамтарч ажиллахгүй бол Европын холбоо тухайн улсад зорчигчдод виз өгөхдөө хатуу чанга шаардлага тавих гэнэ.

Европын холбооны зөвлөл болон гишүүн орнуудтай Европын холбооны бус аль нэг орон хууль бус цагаачдыг хүлээн авах талаар хамтран ажиллахгүй бол тус улсын иргэдэд хязгаарлах бодлого хэрэгжүүлнэ. Үүнд визийн төлбөр, бүрдүүлэх шаардлагатай баримт бичгүүд, шийдвэрлэх цаг хугацаа, визийн хүчинтэй хугацаа зэргийг өөрчлөх магадлалтай юм байна.

Энэ удаагийн визийн өөрчлөлтийн төсөл Европын холбооны хамтын визийн бодлогын өөрчлөлтийн зөвхөн эхний хэсэг аж. Өөрчлөлтийг Европын парламент, Европын зөвлөлөөр батлуулсны дараа хэрэгжүүлэх бөгөөд мөн Европын холбоо энэ хавар визийн мэдээллийн системийн өөрчлөлтийн төслөө өгч, энэ жилийн сүүлчээр Шенгений визийг хэрхэн бүх талаар цахимжуулах асуудлыг судлах юм байна.

-Богино хугацааны виз авахад илүү амар болно-

Европын холбооны визийн бодлого нь Шенгений орнуудын хамтдаа хэрэгжүүлж буй бодлого юм. Шенгений орнууд бол Европын холбооны 22 гишүүн орноос гадна Швейцарь, Исланд, Лихтенштейн, Норвеги зэрэг Европын холбооны гишүүн бус орнуудыг хамардаг. Европын холбооны зөвлөлийн гаргасан тоо баримтаас үзвэл, 2009 оноос өнөөг хүртэл Шенгений виз авах өргөдөл гаргасан хүний тоо асар ихээр нэмэгдэж, 2016 онд гэхэд 15.2 сая хүн богино хугацааны виз авах өргөдөл өгөөд байжээ. 2010 оноос хойш Шенгений визийн журамд ямар нэг өөрчлөлт гараагүй бөгөөд виз авах үйл явцыг хүнд сурталтай, маш их ээдрээтэй гэсэн шүүмжлэл байнга гардаг байна.

Виз авах үйл явц хэцүү ээдрээтэй байгаагаас Европыг зорих жуулчдын тоо цөөрч, үүний улмаас хөрөнгө оруулалт буурч, энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж Европын холбооныхон үзжээ. Нөгөө талаар цагаачдын асуудал, аюулгүй байдлын асуудалтай холбогдуулан Европын холбоо Шенгений визийн бодлогодоо өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. Европын холбооны зөвлөлийн Цагаачид, дотоод хэрэг, иргэний ажлын хорооны гишүүн Димитрис Аврамопулос энэ талаар мэдэгджээ.

Шенгений визийн журамд өөрчлөлт оруулахаар болжээ

Тэрээр “Сүүлийн жилүүдэд бид аюулгүй байдлын эрсдэл, цагаачдын өрсөлдөөн сорилттой тулгарч байна. Бид визийн бодлогодоо өөрчлөлт оруулж, шинэ байдалтай нийцүүлэн, улам хүчирхэг, аюулгүй болгох шаардлагатай. Өөрчлөлт оруулсны дараа хуулийн дагуу зорчих жуулчид виз хүсэх өргөдлөө 6 сарын өмнө өгч болох бөгөөд түүнд 10 хоногийн дотор хариу өгнө. Бид эх газар, далайн хилд онцгой, шинэ төлөвлөгөө хэрэгжүүлж, сайн шалгасны үр дүнд жуулчдад 7 хоногийн богино хугацааны виз өгнө” хэмээн мэдэгджээ.

Цөөн хоног зорчих жуулчдад виз авах үйл явцыг амар болгохын тулд хилийн нутагт богино хугацааны виз өгөх талаар мөн өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Шенгений орнуудын эх газар, далайн хилд жуулчдын нэг удаа орж, гарах визийг түр өгч, зөвхөн виз авсан орондоо 7 хоногийн дотор аялж болох гэнэ. Харин энэ визээр Шенгений орнуудаар аялах боломжгүй. Шенгений шинэ визийн бодлогод итгэмжтэй, Шенгений орнуудаар олон удаа зорчих бодит шаардлагатай хүмүүст 1-5 жилийн хүчинтэй олон удаа хил нэвтрэх виз өгнө гэж Шенгений шинэ визийн бодлогод тэмдэглэжээ.

-Визийн үнийг нэмнэ-

Европын холбоо 90 хоногоос хэтрэхгүй богино хугацааны Шенгений визийн зардлыг 60 еврогоос 80 евро болгон өсгөх юм байна. Учир нь визийн зардал АНУ зэрэг орны визийн зардлаас хямд байгаа учраас үнийг нь өсгөж байна. Энэ мөнгөөр үйлчлэгчийг нэмж, тоног төхөөрөмжийг сайжруулан, аюулгүйн шалгалт зэрэгт хөрөнгийн баталгаа гаргаж өгнө. Гэхдээ ОХУ, Украин, Гүрж зэрэг орны иргэдийн виз 35 евро хэвээр байх болно гэж Европын холбооны зөвлөлийн Цагаачид, дотоод хэрэг, иргэний ажлын хорооны гишүүн Димитрис Аврамопулос мэдэгдсэн байна.

Европын холбооны хамтын визийн бодлого тусгаарласан бодлого биш, цагаачид болон нааш цааш зорчих хүмүүсийн талаархи бодлоготой нягт холбоотой гэж тэрээр мөн онцолжээ. Монголчуудын хувьд өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн Шенгений орнууд руу зорчих визийг Бээжин явахгүйгээр Монгол дахь Италийн Элчин сайдын яаманд хандаж авах боломжтой болсон юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн