Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор энэ оны 8 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон О.Оюунтуяаг хүлээн авч уулзаж, Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаанд ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон “Эдийн засгийн клуб” ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэцогт, дэд тэргүүн Ю.Болд нар оролцлоо.
О.Оюунтуяа нь ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо жил бүр зохион байгуулагддаг “НордАрт” орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэнд монгол уран бүтээлчдийг оролцуулах ажлыг өдгөө гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа юм. Монгол Улс уг үзэсгэлэнд өнгөрсөн жил “онцлох орон”-оор оролцсон бөгөөд 30 гаруй уран бүтээлчдийн 100 орчим уран бүтээлийг толилуулж, ихээхэн амжилттай оролцсон юм. Энэ жил үзэсгэлэнгийн талбайд монголын тусгай павильоныг дахин гаргасан нь монголын дүрслэх урлагийн хөгжлийг тууштай таниулж, сурталчлах чиглэлээр явуулж буй чухал арга хэмжээний нэг болж байгаа билээ. Мөн ЭСЯ-наас О.Оюунтуяатай хамтран Берлин хотын “Музейн урт шөнө” өдөрлөг болон “Монголын орчин үеийн уран зураг” үзэсгэлэнг зохион байгуулж байсан болно.
Элчин сайд Ц.Болор О.Оюунтуяад соёлын элчээр томилогдсонд нь баяр хүргээд монголын урлаг, түүх, соёл, ёс заншлыг германы олон нийтэд сурталчлах, улмаар хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхитэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсэв.
Соёлын элч О.Оюунтуяа энэхүү хүндтэй үүргийг хариуцуулж, итгэл хүлээлгэсэнд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хичээн ажиллах болно гэв. Тэрээр мөн ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний төлөвлөгөөгөө танилцуулж, хамтран ажиллах талаар санал солилцов.