Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

МОНЦАМЭ болон ТАСС мэдээллийн агентлагууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

МОНЦАМЭ болон ТАСС мэдээллийн агентлагууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

Монгол Улсын МОНЦАМЭ Үндэсний мэдээллийн агентлагийн урилгаар Оросын Холбооны Улсын ТАСС мэдээллийн агентлагийн Ерөнхий захирал Андрей Кондрашов тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 10 дугаар сарын 29-30-нд Монгол Улсад айлчилж байна. Төлөөлөгчид 2024 оны 10 дугаар сарын 29-нд МОНЦАМЭ мэдээллийн агентлагт зочлов.

Энэ нь дэлхийн тэргүүлэх мэдээллийн эх сурвалжуудын нэг болох ТАСС агентлагийн Ерөнхий захирал анх удаа МОНЦАМЭ Монголын Үндэсний мэдээллийн агентлагт айлчилж буй түүхэн үйл явдал юм.

ТАСС-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч М.С.Гусман, Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн А.В.Потапкина, Ерөнхий редакторын нэгдүгээр орлогч М.С.Абулхатин, Монгол дахь ТАСС-ийн сурвалжлагч Туяна Зундуева нар багтжээ.

МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал С.Эрдэнэцогт зочдыг угтан авч, ТАСС-ийн төлөөлөгчдөд МОНЦАМЭ-ийн түүхэн өв, өнөөгийн хөгжил дэвшил, ирээдүйн зорилтуудыг танилцуулав. Уулзалтын үеэр талууд 100 гаруй жилийн түүхтэй хоёр агентлагийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бэхжүүлэх талаар санал солилцов. Мөн МОНЦАМЭ-гаас “Моңғолия Сегодня” (“Өнөөгийн Монгол”) сонинг “Новости Монголии” (“Монголын Мэдээ”) сонины хамт гаргах саналыг дэвшүүлэв.

Үүнээс гадна зочдод монгол бичиг, соёлын өвийг танилцуулжээ.

ТАСС агентлагийн Ерөнхий захирал Андрей Кондрашов угтан авсанд талархал илэрхийлж, “Монгол бол гайхалтай, өвөрмөц орон бөгөөд дулаан, найрсаг хүмүүсээрээ алдартай. Би Монголд зочлохыг олон жил хүсэж байсан. Хоёр их гүрний дунд байрлах Монгол Улс улс төрийн бодлогоо ихээхэн мэдрэмжтэй явуулдаг хэмээн төсөөлдөг. Манай хоёр мэдээллийн агентлаг олон жилийн найрсаг харилцаатай. Өнгөрсөнд боломжоо бүрэн ашиглаж чадаагүй ч ирээдүйд итгэлтэй байна. Мэдээллийн дайн өрнөж буй энэ үед манай агентлагууд хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэх нь чухал. Уламжлалт найрсаг, оюуны харилцаандаа тулгуурлан бид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх арвин нөөц, боломжтой. Хэрэв МОНЦАМЭ Москва болон ойролцоох хотуудад тусгай сурвалжлагч томилохоор төлөвлөж байвал бид энэ санаачилгыг бүрэн дэмжинэ. Монголчуудын “Найзтай бол тал шиг уужим, найзгүй бол алга шиг явцуу” гэдэг үг бий. Бид МОНЦАМЭ-ийн хамгийн сайн түнш, дотны найз байхыг хүсэж байна. Нарлаг сайхан Улаанбаатар хотод найзын хувиар халуун дотно хүлээн авсанд гүнээ талархаж байна” гэжээ.

Мөн уулзалтад Монгол Улсад суугаа ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков оролцож, хоёр агентлагийн ирээдүйн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцсан байна.

ТАСС агентлагийн 120 жилийн ойг 2024 оны 9 дүгээр сарын 1-нд тэмдэглэсэн бөгөөд дэлхийн 112 орны 200 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилладаг, өдөрт 6 хэл дээр 3000 орчим мэдээ бэлтгэдэг байгууллага юм. ТАСС нь Олон улсын сансрын станцад төлөөлөгчтэй цорын ганц мэдээллийн агентлаг гэдгээрээ онцлог.

МОНЦАМЭ болон ТАСС агентлагийн хоорондын анхны хамтын ажиллагааны гэрээг 1957 онд Москва хотноо үзэглэж, дараагийн гэрээг 2004 оны 9 дүгээр сарын 22-нд, нэмэлт гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 20-нд Москва хотод байгуулсан. Харин Санамж бичгийг 2024 оны 3 дугаар сарын 7-нд Токио хотноо үзэглэжээ.

ТАСС-ийн Ерөнхий захирлын түүхэн айлчлалын үр дүнд, МОНЦАМЭ болон ТАСС агентлагууд хамтын ажиллагааны 5 дахь гэрээг үзэглэсэн байна. Уг гэрээнд хоёр тал туршлага солилцох, мэдээлэл хуваалцах, сэтгүүлч, мэргэжилтнүүдийн харилцан айлчлал, хамтарсан сургалт зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцов.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн