Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас гаргасан захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар Нийслэлийн Газрын албанаас өгсөн мэдээллийг  сонссон бөгөөд төлөвлөгөөний дагуу цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ.

Ил задгай авто машин, болон авто машины тоног төхөөрөмж, тос, тослох материалын худалдаа эрхэлж буй газруудын хөрсний бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 7-9 дахин давсан үзүүлэлттэй байгааг судалгааны байгууллагууд тогтоосноос гадна ойр орчимдоо амьдарч буй иргэддээ маш хортой нөлөө үзүүлж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар ирсэн билээ. Мөн ил задгай авто машины худалдаа нь төв замуудыг даган байршсан нь Улаанбаатар хотын автомашины түгжрэлийн нэг эх үүсвэр болж байгааг нийслэлийн иргэд мэднэ. Ил задгай авто худалдаа эрхлэгчдийн эзэмшиж, өмчилж буй газар нь авто машины худалдаа эрхлэх зөвшөөрөлгүй буюу орон сууцны, үйлдвэрлэлийн гэх мэт зориулалтаар олгогдсон байсан нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан энэхүү Ажлын хэсгийн шалгалтаар ил болсон юм. Өөрөөр хэлбэл эзэмшил, өмчлөлд олгогдсон газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж үйл ажиллагаагаа эрхэлж байсан 40 иргэн, аж ахуйн нэгжийг илрүүлсэн ба дээрх шалтгаануудын улмаас энэхүү Ажлын хэсэг ил задгай автомашины худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг хотоос нүүлгэн шилжүүлэх ажлуудыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлчүүдийн нэрлэж заншсан 1000 машины зогсоол, АСА циркийн талбайд үйл ажиллагаагаа явуулж байсан ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд зарим аж ахуйн нэгж, иргэд Газрын албанаас өгсөн мэдэгдлийн дагуу сайн дураараа газраа чөлөөлж байгааг Нийслэлийн Газрын албанаас хуралдааны үеэр мэдээлэлж байсан юм.  Баянзүрх дүүргийн 24-р хороо буюу Да хүрээ урд төв зам дагуу байрлах 17 аж ахуйн нэгж, иргэн болон нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бусад ил задгай авто зогсоолуудад мэдэгдэх хуудас хүргүүлэн, сонсох ажиллагааг зохион байгуулаад байгаа юм байна. Харин эдгээр иргэд, байгууллагууд хуулийн хугацаанд сайн дураараа газраа чөлөөлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцалж, тухайн газар дээр байгаа автомашинуудыг албадан нүүлгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч бөгөөд Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ үүрэг болголоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн