Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын анхны олон улсын ногоон кампусыг байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолбортой 45.7 тэрбум төгрөг (13.5 сая ам.доллар)-ийн баталгаат зээлийн гэрээг байгууллаа.
Энэхүү санхүүжилт нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнийг бууруулах онцлогтой 4 давхар сургуулийн шинэ барилгын өргөтгөлийг барихад зарцуулагдана. Шинэ барилга нь шинжлэх ухаан, урлаг, инженерчлэлийн хичээлийн зориулалтын лабораториуд, спортын зориулалттай дотоод танхимууд зэрэг орчин үеийн байгууламжуудыг багтаана. Тус кампус нь олон улсын “Excellence in Design for Greater Efficiencies (EDGE)” хөтөлбөрийн дагуу баталгаажиж, эрчим хүч, ус, барилгын материалын эрчимтэй энергийг дор хаяж 20%-аар хэмнэх зорилготой.
“АХБ-ны хувийн хэвшлийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй энэхүү анхны төсөл нь Монгол Улсад хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих АХБ-ны тууштай байдлыг баталж байна” гэж АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын Ерөнхий захирал Сюзанн Габури хэлэв. “Монгол Улсын анхны ногоон кампусыг дэмжих замаар бид боловсролын дэд бүтцийг сайжруулж, байгаль орчны тогтвортой байдал, тэсвэрлэх чадварыг бэхжүүлж байна.”
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн их нөлөөлөлд өртсөн улс орны нэг юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн эрсдэл нь сурагчдын хичээлд суухгүй байх, сургуулиас гарч болзошгүй эрсдэлийг нэмэгдүүлж, боловсролын хүртээмжийг бууруулж, хичээлийн ирц, чанар муудахад хүргэж болзошгүй. Ногоон барилга Монгол Улсад харьцангуй шинэ ойлголт хэвээр байна.
Орчлон сургуулийн захирал, үүсгэн байгуулагч Д.Батмөнх: “Бид энэхүү шинэлэг төсөлд АХБ-тай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэхүү өргөтгөл нь биднийг олон сурагчдад Монголын соёлыг хадгалан хөгжүүлэх, өндөр чанартай хоёр хэлний боловсрол олгоход дэмжлэг үзүүлнэ. Мөн Монгол Улсад ногоон барилгын жишиг тогтоох боломжийг бүрдүүлнэ.” хэмээн онцлов.
2001 онд байгуулагдсан Орчлон сургууль нь Монгол Улсын хамгийн том хувийн К-12 сургуулийн цогцолбор юм. Тус сургууль нь цэцэрлэгээс 12-р анги хүртэл Монголын Үндэсний Боловсролын сургалтын хөтөлбөр болон Кембриджийн олон улсын хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлдэг Монгол Улсын цорын ганц сургууль юм. 2,000 орчим сурагчтай тус сургууль нь сургалтын чанар, бүх талын хөгжлийг эрхэмлэн, олон шагнал хүртэж, боловсролын шинэчлэлийг тэргүүлсээр иржээ.
АХБ нь Азийг болон Номхон далайн бүсийг хөгжин цэцэглэсэн, хүртээмжтэй, тэсвэртэй, тогтвортой бүс нутаг болгох, мөн ядуурлыг устгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. 1966 онд байгуулагдсан тус банк нь 69 гишүүнтэй бөгөөд үүнээс 49 нь бүс нутгийн гишүүд юм.