Лос Анжелес хотын Монгол номын сангийн нэрэмжит “Утгын чимэг” богино өгүүллэгийн уран уншлагын уралдаан 11 дэх жилдээ Оакланд хотноо энэ сарын 21-нд болж, шилдгүүдээ тодрууллаа.
Тус уралдаанд Денвер, Лос Анжелес, Сиатл, Сан Франциско хотын уран уншигчид болон уран бүтээлийн “Тулга” нэгдэл амжилттай оролцсоноос гадна “Даян” хамтлаг болон бусад авьяаслаг уран бүтээлчид ая дуугаа өргөв.
Уралдаанд 18 уран уншигч авьяас билгээ сорьсноос тэргүүн байрт Ц.Нарангэрэл / Denver / “Ээжийн минь маанийн эрх” өгүүллэгээр, дэд байрт Ш.Азжаргал / Los Angels / “Дэлхийн хүн” өгүүллэгээр, гутгаар байрт Ч.Хэрлэнбаяр / Pleasant Hill / “Хойд эцэг” өгүүллэгээр тус тус шалгарлаа. Харин тусгай байрт Ц. Оюунжаргал / Alameda / “Эр хүний хугархай” өгүүллэг, Б.Намуунбайгаль / Denver/ “Цэцэг нялхарсан зун” өгүүллэгээр шалгарав.
Уралдааны шүүгчээр яруу найрагч Х.Лхамжав, Ч.Нарангэрэл, А.Түвшинтуяа, Г.Алтанхуяг, С.Бямбажаргал нар ажилласан юм.
Энэ үеэр Дорнын их яруу найрагч Б. Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойг хүндэтгэн тэмдэглэлээ хэмээн Америкийн Монголчуудын Уран Зохиол байгууллага мэдээлэв.