Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

АНУ-д үрчлэгдсэн хүүхдүүд арван жилийн дараа эх орныхоо өв, соёлтой танилцахаар ирлээ

АНУ-д үрчлэгдсэн хүүхдүүд арван жилийн дараа эх орныхоо өв, соёлтой танилцахаар ирлээ

Гадаадын иргэн, харьяатын газар, АНУ-д төвтэй “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагатай хамтран АНУ-д үрчлэгдсэн хүүхдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг 2017 оноос хойш зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад 2005-2012 онуудад “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан үрчлэгдсэн 2 бүлийн 5 хүүхэд гэр бүлийнхээ хамтаар Монгол орны өв, соёл, ахуй амьдралтай танилцахаар 10 гаруй жилийн дараа анх удаа ирээд байна.

Эдгээр хүүхдүүдийг Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалт, арга хэмжээний үеэр Монгол орны байгалийн үзэсгэлэн, соёл уламжлалыг харуулсан сонирхолтой бичлэг үзүүлж, уртын дуу, морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлэв. Мөн энэ үеэр хүүхдүүд Гадаадын иргэн, харьяатын газарт хадгалагдаж буй өөрсдийн хувийн хэрэгтэйгээ танилцан багын зураг, хэзээ төрсөн, хэрхэн өсөж байсантайгаа танилцсан юм.

Түүнчлэн эцэг эх, хүүхдүүдтэй чөлөөт ярилцлага өрнүүлж, тэдний Монголд ирсэн сэтгэгдлээс хуваалцсан бөгөөд 10 жилийн дараа төрж, өссөн эх орондоо ирсэн хүүхдийн хувьд Монгол орны үзэсгэлэнт байгаль, зан заншилтай танилцаж буйдаа баяртай байсан юм.

Энэ үеэр Аугуст Төгсбаяр, Елизабет Сарнай, Албин Тамир нарыг үрчилж авсан Миллерийн гэр бүлийн сэтгэгдлээс хуваалцахад “Бид олон газраас хүүхэд үрчлэх талаар судалж үзсэн. Зуучлагч байгууллагаас нөхөр бид хоёрт маш олон орон танилцуулснаас Монгол орон хамгийн их таалагдсан. Ингээд том хүүгээ 2005 онд үрчилсэн. Түүнийг Аугуст Төгсбаяр гэдэг. Хүүгээ үрчилж авахын өмнө асрамжийн газартай танилцахад асрамжлагч багш нь хүүхдүүдийг их сайн халамжилдаг санагдсан. Тухайн хүүхдүүд төрөөд эх эцгийнхээ хайр энэрлийг мэдэрч чадаагүй ч өөр хүмүүсийн хайр халамжийг авах нь чухал гэж үздэг. Анхны хүүгээ үрчилж авсныхаа дараа дараагийн хүүхдүүдээ Монголоос авна гэж шийдсэн юм” гэв.

Мөн Антонукийн гэр бүл нь Жакк Даваабаяр, Чарлие Баяр нарыг үрчилж авсан бөгөөд хүүхдүүддэээ Монгол орны өв, соёл, ахуй амьдралтай танилцуулах зорилгоор ийнхүү ирсэн байна. Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 269 хүүхдийг 17 орны буюу АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд, Итали зэрэг гадаадын гэр бүлд үрчлүүлсэн байна. Эдгээрээс хамгийн олон буюу АНУ-д 156, ХБНГУ-д 34, Францад 20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна.

Үрчлэгдсэний дараах хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод заасны дагуу хоёр буюу гурван талт гэрээг үрчлэгч эцэг, эх, зуучлагч байгууллагатай байгуулдаг бөгөөд үрчлэгч эцэг, эх хүүхдийг хэвийн өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцөлөөр хангах, хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслээр гачигдуулахгүй, уугуул эх орон, ёс заншил, түүх соёл, уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар гэрээнд нарийвчлан тусгаж өгдөг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн