АНУ-ын Ерөнхийлөгч өөр нэг улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл Америкийн улс төрд дуулиан тариад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаад улсын төрийн тэргүүнтэй ярилцаж байгаад ямар нэг амлалт өгсөн гэх мэдээлэл агуулсан хэд хэдэн хэрэг бүхий гомдлыг нэгэн нууц эх сурвалж Америкийн тагнуулын байгууллагуудын ерөнхий ажиглагчид илгээсэн нь хэвлэлүүдийн гол сэдэв болоод байна.
Одоогоор Ерөнхийлөгч Дональд Трамп хэнтэй ярилцаж, ямар амлалт өгч, түүнийхээ дагуу ямар нэгэн үйлдэл хийсэн эсэх, хэн энэ талаарх мэдээллийг өгөв гэдэг нь бүрэн тодорхой болоогүй байна. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн талаарх тэр мэдээлэл Украинтай холбоотой байснаас гадна мэдээлэгч нь Америкийн тагнуулын ажилтан байсан гэж Америкийн хэвлэлүүд бичиж байна. “Вашингтон пост” сонинд албаны хоёр эх сурвалжийн мэдээлэлд түшиглэн ингэж мэдээлжээ.
Албаны хүмүүсийн хэлснээр энэ талаарх гомдол гарахаас хоёр долоо хоног хагасын өмнө буюу 20-иод хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсан. Энэ утасны дуудлагыг АНУ-ын Конгресс дахь Ардчилсан намын бүлгийнхэн аль хэдийнэ шалгаж эхэлсэн байна.
Тэд утасны энэ дуудлагын протолыг бүрэн эхээр нь шаардсанаас гадна хэн, хэн байлцсан талаар жагсаалт нэхжээ. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп болон түүний итгэмжлэгдсэн өмгөөлөгч Рудольф Жулиани нар 2020 оны сонгуульд дахин ялалт байгуулахын тулд туслуулах зорилгоор Украины Засгийн газарт чиглэл өгч ашигласан эсэх асуудлыг парламент дахь Ардчилсан намын гишүүд шалгаж буй юм байна.
Үүнээс гадна Дональд Трампын итгэмжлэгдсэн өмгөөлөгч Рудольф Жулиани, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөхөөр ажиллаж байгаа дэд ерөнхийлөгч асан Жозеф Байдены Украин дахь ойрын холбооны хүмүүсийг мөрдөн шалгахыг Украины засгийн эрхэнд гарсан хүмүүсээс тэр дундаа Владимир Зеленскийгээс шахаж шаардсан утгатай үгс “твиттер”-т бичиж байсныг хэвлэлүүд сануулж байна.
Барууны зарим хэвлэлд, АНУ-ын Ерөнхийлөгчийн талаарх энэ мэдээлэл ирсэн өнгөрөгч наймдугаар сарын 21-ний үеэр Дональд Трамп Нью Жерси дахь гольфын цогцолбортоо байсан. Тухайн үед тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж байсан бол, Умард Солонгосын удирдагч Ким Жон Унаас хоёр ч захидал хүлээн авсан. Пакистан, Нидерланд, Катарын удирдлагуудтай Цагаан ордонд уулзаж байсан гэж бичжээ.
Гэвч хэвлэлүүдэд гарч байгаа энэ мэдээллийн талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч тайлбар хийхээс татгалзсан байна.
эх сурвалж: mnb.mn