Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг баталлаа

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг  баталлаа
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг баталлаа. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа.

Хуулийн төсөлд банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоох бөгөөд банк активаа энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулахаар тусгажээ.
Мөн Монголбанк шаардлагатай тохиолдолд банкны активт чанарын үнэлгээ, эрсдэлийн сорил хийж, тэдгээрийн үр дүнд үндэслэн өөрийн хөрөнгө, эрсдэлийн санг нэмэгдүүлэх арга хэмжээ авч болохоор, банкны үйл ажиллагааны бодит байдлыг тодорхойлох зорилгоор үнэлгээ, сорил хийхэд шаардагдах зардлыг Монголбанк гаргах, түүнчлэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран банкны нэгдлийн удирдлага, санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтоох, банкны бүх хөрөнгийг худалдан борлуулсан, хуваарилсан, шилжүүлсний дараа банкны эрх хүлээн авагч нь банкийг татан буулгах ажиллагааны тайланг Монголбанкинд хүргүүлэх зэрэг анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу хуулийн төслийн 17.3 дахь хэсгийн банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтын шалгуурыг тодорхой болгох, 1 дүгээр зүйлийн 36.1.2 дахь заалтыг “эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй” гэж, 3 дугаар зүйлийн 34.2.3 дахь заалтыг “бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан байх” гэж, түүнчлэн “Банкийг татан буулгах арга хэмжээ хэрэгжих нөхцөл” гэсэн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 70 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулах зэрэг саналын томьёолол боловсруулж хэлэлцүүлэхэд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.
Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед дэмжигдсэн 7.1, 17.4 хэсгийн өөрчлөлт нь өргөн баригдсан хуулийн төсөлд тусгагдаагүй зарим зүйл, хэсэг, заалтуудтай зөрчилдсөнийг арилгах зорилгоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д заасныг үндэслэн банкны хараат болон охин компанитай холбоотой зарим зүйл, хэсэг, заалтаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулахаар төслүүдийг боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Ж.Ганбаатар, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва нар асуулт асууж хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах гол заалтууд хуулийн төслөөс хасагдсан гэсэн мэдээлэл байна гээд энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, одоо хэлэлцэж буй энэ хуулийн төсөл банкны ерөнхий зохицуулалтын суурь хууль гэлээ. Энэ хууль зээлийн болоод хадгаламжийн хүүг бууруулах шууд зохицуулалтын хууль биш хэмээн тэрбээр тодруулаад, энэхүү суурь хууль сайжран батлагдсанаар банкны системийн ерөнхий эрсдэл буурч, ингэснээр зээлийн хүү, инфляцийн түвшинд нөлөөлж, дунд хугацаанд зээлийн хүү тогтвортой буурах боломж бүрдэнэ хэмээн хариулсан.
Дараа нь Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Мөн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан “Банкны хараат болон охин компанид банкнаас оруулсан хувь хөрөнгө буюу хувьцаа эзэмших эрх 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болох, мөн Банк, банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, банкны төлөөлөн удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, банкны гүйцтэгэх удирдлага Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан бусад этгээд 2018 оны 13 дугаар сарын 31-ний дотор тус хуульд үйл ажиллагаагаа нийцүүлж, энэ талаархи тайланг холбогдох баримтын хамт Монголбанкинд 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор ирүүлэх” зэрэг зохицуулалт бүхий Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан бол

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг үндэслэн дээрх хуул, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжсэнээр хууль, тогтоолын төслүүд батлагдлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн