Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай” албан даалгавар гаргалаа. Уг даалгаварт:
Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цаг агаарын хоногийн дундаж температур 0 градусаас бага болж өвлийн нөхцөлд шилжсэнтэй холбогдуулан барилга байгууламжийн норм, нормативын шаардлагыг чанд сахиулж чанар, аюулгүй байдлыг хангаж, болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааг нэн түрүүнд тавьж ажиллах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нарт ДААЛГАХ НЬ:
- Өвлийн улиралд барилгын ажил гүйцэтгэснээр барилгын даацын бүтээцийн бетон зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөлт үүсч барилга байгууламжийн зураг төсөлд заасан бат бэхд хүрэхгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд барилгын норм, дүрэм “Цутгамал бетон, төмөр бетон бүтээц” /БНбД 52-02-05/, “Бетон ба төмөр бетон цутгамал бүтээцүүдийн ажил” /БНбД 81-06-06/, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” /БНбД 12-03-04/ болон холбогдох стандартын шаардлагыг чанд мөрдөж ажиллаж байгаа эсэхэд байнгын хяналт тавих;
- Барилгын ажлыг долоон сараас дээш хугацаагаар түр зогсоосон болон хүйтний улирал эхэлж байгаагаас хамаарч түр зогссон барилга байгууламжуудыг Барилгын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хамгаалалтын горимд оруулж, холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах;
- Өвлийн улиралд барилгын ажил нь түр хугацаагаар зогссон болон барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх үед аж ахуйн нэгж, байгууллагууд барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, барилгын ажлын талбайн орчны аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа болон болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлж ажиллах;
- Энэ албан даалгаврын 1, 2, 3 дахь заалтын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагатай хамтран 2020 оны 4 дүгээр сар хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан, илэрсэн зөрчил дутагдлыг нэн даруй арилгуулж, тайлан мэдээг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус яаманд ирүүлэх.