Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Бүс нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх удирдлагын талаар хэлэлцлээ.

Бүс нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх удирдлагын талаар хэлэлцлээ.

2025 оны 1-р сарын 6-ны өдөр Төрийн ордонд “Бүс нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шадар сайдын ажлын алба, Конрад-Аденауэр сан, Бүс нутгийн хөгжлийн үндэсний хороо хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын Шадар сайд, Бүс нутгийн хөгжлийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ, “Бүс нутгийн хөгжлийн бодлого нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил болон иргэдийн амьдралын чанарт асар их нөлөө үзүүлнэ. Өргөн уудам газар нутаг, байгалийн баялаг ихтэй манай улс хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг олон эдийн засгийн салбарт өрсөлдөх чадвараа хурдан нэмэгдүүлэх ихээхэн боломжтой. Иймд бүс нутгийн хөгжлийн бодлогыг зөв хэрэгжүүлснээр орон нутгийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүс нутаг, аймгуудын онцлогт нийцсэн хөрөнгө оруулалт, хөгжлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүс нутгийн бизнесийн орчныг сайжруулж, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай бүс нутаг бүрдүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд бүс нутгийн хөгжлийн удирдлага, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэгдсэн системийг бий болгох шаардлагатай” гэж онцлов.

“Бүс нутгийн хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн бүх шатны байгууллагууд, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах нь нэн чухал. Үүний тулд бодлого хэрэгжүүлэх удирдлага, зохицуулалтын механизмыг тодорхой болгох, Үндэсний хороо болон орон нутгийн засаг захиргааны хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй болгох шаардлагатай. Түүнчлэн төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцооноос гадна эрдэмтэд болон олон улсын байгууллагуудын оролцоо зорилгод хүрэхэд чухал ач холбогдолтой” гэж С.Амарсайхан онцлон тэмдэглэв.

Тус хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлагууд, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймаг, нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газруудын 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн