Монголчууд хүнсний агууламжид ногдох давсны хэрэглээгээр Дэлхийн бусад орнуудаас өндөрт бичигддэг гэсэн судалгаа бий. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бусад оролцогч талыг хамруулан зохион байгуулж буй “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 15-ны 17:00 цаг хүртэл бүртгэж байна.
Арга хэмжээнд хамрагдсанаар аж ахуйн нэгжүүд одоо үйлдвэрлэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг лабораторийн нөхцөлд тодорхойлуулж, салбарын мэргэжилтнүүд давсны агууламжийг бууруулах төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл өгч, шинэ жор, технологид жилийн турш тодорхой давтамжтайгаар суралцах юм.
Хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллагууд уг арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулан, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг өсгөж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, нэр хүндээ эрхэмлэхийг уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 51-261537, 98883888 дугаарын утсаар авах боломжтой.