2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон зарлажээ. Энэхүү өдрийг Монгол Улс 2016 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил орон даяар “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриатайгаар тэмдэглэж байна.
Төв аймаг Дэлхийн сүүний өдрийг “Өдөрт Нэг аяга сүү-Нэг аяга тараг” уриан дор Эрдэнэ сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех”-ийг түшиглэн анх удаагаа тэмдэглэлээ. “Өдөрт Нэг аяга сүү-Нэг аяга тараг” арга хэмжээнд Төв аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Апу дэйри компани, бусад олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, Эрдэнэ сумын удирдлагууд, багш нар, сурагчид, цэцэрлэгийн багачууд оролцсон юм.
Энэхүү арга хэмжээгээр дамжуулан сүү, сүүн бүтээгдэхүүний ач тусыг сурталчлах, хүн бүрийн нас, биеийн онцлогт тохируулан чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь нэн чухал гэдгийг онцолсон.
Аймгийн Засаг даргын захирамжаар сургууль цэцэрлэгийн хүүхдийн эрүүл чийрэг өсөж, хөгжих нөхцлийг дэмжих, экологийн цэвэр сүү, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд”Өдөрт Нэг аяга сүү-Нэг аяга тараг” хөдөлгөөнийг өрнүүлж 136 мянга гаруй хүүхэд, багачуудад 241.5 тонн сүү тараг хэрэглүүлж, хүүхдийн хоногийн сүүний хэрэглээг нэмэгдүүлсэн.
Төв аймаг 2019 онд сүүний үйлдвэрлэл, эрчимжсэн аж ахуйг кластераар хөгжүүлж, сүүний үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах, сүү боловсруулах чиглэлийн үйлдвэр байгуулах, санал санаачилгыг дэмжиж, хуурай сүүний бага дунд оврын үйлдвэрийн тоног төхөөрөмж, сүүний машин, цөцгий цохих тоног төхөөрөмжөөр хангах, хөрөнгө оруулалтаар дэмжиж улмаар экспортын чиг баримжаатай сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аймаг болохоор ажиллаж байна.
Төв аймгийн хэмжээнд сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 33 үйлдвэр цех, 100 гаруй өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг ба 70 гаруй тонн ааруул, 30 орчим тонн аарц тараг, 5.0 тонн голланд бяслаг, 3.5 тонн цөцгий, 430 гаруй мянган литр сүүг үйлдвэрийн аргаар боловсруулан зах зээлд нийлүүлж байна. Түүнчлэн Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын ХХААБ-ын “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх” SECiM төсөл нь сүүний нэмүү өртгийн сүлжээг бий болгоход олон талт арга хэмжээгээр хамтран ажиллаж байгаа юм.