Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Ерөнхийлөгч Хүрэлсүх Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.

Ерөнхийлөгч Хүрэлсүх Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.

Шинэ оны өмнөх орой Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх телевизээр дамжуулан Монгол Улсын иргэддээ мэндчилгээ дэвшүүлэв.

Миний эрхэм хүндэт Монгол түмэн,
Эрхэм хүндэт Монгол ахан дүүс ээ,

Хувьсан солигдох он цагийн энэ түүхэн мөчид, та бүхэндээ гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ шинэ оныг баяр баясгалан, хүсэл тэмүүлэл дүүрэн угтан буй энэ сайхан цаг мөчид Шинэ жилийн баярын мэндчилгээг дэвшүүлье.

Шинэ жилийн баяр хүн төрөлхтний хувьд онцгой ач холбогдолтой билээ. Энэ бол гэр бүл, олон нийтээрээ өнгөрсөн амжилт, хичээл зүтгэлээ эргэн харах, ирж буй шинэ ондоо эрч хүч, итгэл найдвар, хүсэл мөрөөдөлтэйгээр урагшлах эхлэл болдог.

2024 он дуусах гэж буй энэ цаг мөчид манай Монгол түмэн болон дэлхий нийтэд түүхэн үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө.

Ази тивийн зүрхэн хэсэгт орших төрт ёсны баялаг түүхтэй Ардчилсан Монгол Улс Монгол Ардын Бүгд Найрамдах Улс тунхагласны болон Анхны Үндсэн Хууль баталсны 100 жилийн ойгоо бахархалтайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ түүхэн жилд Монголын ард түмэн ардчилсан засаглалаа улам бататгаж, парламентын уламжлалаа бэхжүүлэн, Монгол Улсын анхны 126 гишүүнтэй Улсын Их Хурлыг сонгон байгуулж, шинэ Засгийн газраа байгуулсан. Мөн Ази тивд эмэгтэйчүүдийн парламентад төлөөлөх хувиар тэргүүлсэн онцгой жил байлаа.

Энэ жил манай улсын эдийн засаг 5 хувиар өсөж, албан ёсны валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрч, инфляцийг нэг оронтой тоонд барьж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт өсөж, экспортын хэмжээ түүхэн дээд түвшинд хүрч, улсын төсөв ашигтай гарлаа.

Мөн санхүүгийн сахилга батыг сайжруулах шинэ зарчмуудыг нэвтрүүлж, түүхэндээ анх удаа алдагдалгүй төсвийг баталж, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн онцлох жил боллоо.

Олон улсын тавцанд Монгол Улсын гадаад бодлого, харилцаа өргөжин тэлж, бэхэжсэн жил байв. Бид түүх, соёл, Монголын сүр хүчийг дэлхий дахинд сурталчилж чадсан. Энэ утгаараа 2024 он Монгол Улсын гадаад харилцааны хөгжил цэцэглэлтийн түүхэн жил боллоо.

Иймд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын ариун голомтыг хамгаалах үүргээ ухамсарлан төрт ёсны үнэт зүйлсээ эрхэмлэн хүндэлж, соёл, түүхээ нандигнан өвлүүлж, эв нэгдлийг эрхэмлэн, зөвийг дээдлэн, Монгол Улсаа хамтдаа хөгжүүлж, цэцэглүүлцгээе.

Эрхэм хүндэт Монголчуудаа,

Хайртай дотны хүмүүс, найз нөхөд, хөршүүдтэйгээ шинэ оныг угтан буй энэ мөчид та бүхэндээ эрүүл энх, эрч хүч, залуу насаа үргэлжлүүлэн, нэгдмэл сэтгэлээр шинэ онтой золгож, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Жилийн энэ онцгой цаг мөчид, улсынхаа өмнөөс эх орныхоо тусгаар тогтнолын хил хязгаарыг сахин хамгаалж буй баатарлаг хилчид, дэлхийн энх тайвны төлөө зүтгэж буй энхийг сахиулагчид, ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалж буй эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, иргэдийнхээ амар тайван байдлыг хангаж буй төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, монгол түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2025 он айл өрх бүрт аз жаргал, амжилт бүтээлийг авчирч, Монгол Улсын нэр хүнд, сүр жавхлан улам бүр гялалзаж, дэлхий дахинд энх тайван ноёрхож, хүн төрөлхтөн эв найрамдал, аз жаргалтай амьдрах болтугай.

Мөнх хөх тэнгэрийн ивээл дор Монгол Улс маань хөгжин цэцэглэж байг!

Шинэ оны мэнд хүргэе!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн