Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэхийг дэмжих жил” болгон зарлаж, Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлууд болох агаарын бохирдол, замын түгжрэлийг шийдвэрлэх шуурхай арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
2025 оны 1-р сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон шинээр байгуулагдсан Гүйцэтгэлийн хяналтын нэгжийн гишүүд “Тавантолгой түлш” компанийн зүүн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Шахмал түлшний технологийг сайжруулах хүрээнд энэ оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн импортоор орж ирдэг дунд зэргийн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйлдвэрээс гаргаж буй дээд давхаргын баяжуулсан нүүрсээр хийсэн сайжруулсан түлшээр солихоор болсон. Дунд зэргийн нүүрсийг дээд давхаргын баяжуулсан нүүрстэй харьцуулсан туршилтын үр дүнд, дээд давхаргын нүүрсийг ашиглах нь тоосонцрын ялгаралтыг 33.7 хувиар, хүхрийн давхар ислийн ялгарлыг 63.7 хувиар бууруулж, нүүрстөрөгчийн дутуу ислийг 39 хувиар нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний холбогч материалыг солих бөгөөд “ногоон нүүрс” хэмээх бүтээгдэхүүнийг шигшүүрийн нүүрсэнд нэмснээр шахмал түлшний чанарыг сайжруулах аж. Нийслэлийн Засаг дарга шахмал түлш болон холбогч материалын стандартыг шинэчлэх талаар тайлбарлалаа.
Мөн Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотод агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газар болон Улсын Их Хуралд удахгүй өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлснээр гэр хорооллын 198 мянган зуух, 500 мянга гаруй автомашин, 2,200 гаруй бага даралтын зуух, 174 зуух, дулааны цахилгаан станц зэрэг утаа үүсгэгчийг зохицуулна. Хуулийг хэрэгжүүлснээр ялгаруулалтын эх үүсвэрүүдийн 30 хувийг жил бүр хийн түлшинд шилжүүлэх, нийтийн тээврийн 1,300 автобусыг хийн түлшинд шилжүүлэх, мөн агаар, орчны бохирдлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлд тусгай дэглэмтэй бүс тогтоох ажлыг хэрэгжүүлнэ.
Тусгай дэглэмтэй бүсүүдийг “ногоон” болон “шар” бүс хэмээн ангилж, ногоон бүсэд оршин суудаг айл өрхүүдийг стандартад нийцсэн шингэрүүлсэн хийн түлш (LNG, LPG)-д шилжүүлэх бөгөөд энэ бүсэд 50,189 өрхийн 48,118 нэгж талбайд амьдарч буй 202 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөж байна. Утаагүй ногоон бүсийг нийслэлийн Засаг дарга тогтмол өргөжүүлэн шинэчилнэ. Мөн энэхүү бүсэд агаарын бохирдлын хүлцэх хэмжээг хэтэрсэн хорт утаа ялгаруулдаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох, Евро 5 стандартад нийцээгүй бензин болон дизель түлш худалдаалахыг зогсоох зэрэг бохирдлыг бууруулах зохицуулалтууд багтаж байна.
Шар бүс нь 147 мянга гаруй өрхийг хамарч, тэдэнд стандартад нийцсэн давхар шаталттай зуух олгох юм. Эхний ээлжийн 32 мянган зуухны тендерийг энэ сард зарлах бөгөөд ирээдүйд нийт 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулж, давхар шаталттай зуухаар хангахаар төлөвлөжээ.
“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт “Цэнхэр нүүрс” төслийн талаар танилцуулсан бөгөөд уг төсөл нь Багануурын нүүрсний уурхайг түшиглэн байгуулагдах Нүүрс-химийн цогцолборын нэг хэсэг юм. Энэхүү төсөл нь Засгийн газрын 14 томоохон төслийн нэг бөгөөд 190 сая ам.долларын өртөгтэй үйлдвэрийн эхний хэсгийг энэ оны 12-р сард ашиглалтад оруулж, 2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. “Цэнхэр нүүрс” төсөл нь нийслэлийн ялгаруулалтыг 60-80 хувиар бууруулж, 100 МВт эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолжээ.
Ерөнхий сайдын дэргэдэх Гүйцэтгэлийн хяналтын нэгж хуралдаанаа долоо хоног бүрийн Бямба гарагт зохион байгуулна.