2025 оны 1-р сарын 1-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Нидерланд улсын иргэн Жаап ван Хиерденийг НҮБ-ын Монгол Улсад суугаа суурин зохицуулагчаар томиллоо.
Ноён ван Хиерден нь хөгжлийн бодлого, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, энх тайвныг бэхжүүлэх чиглэлээр 30 гаруй жилийн туршлагатай бөгөөд алба, төслийг байгуулах, удирдах, стратеги боловсруулах, бодлого, үйл ажиллагаа, менежмент, зохицуулалтын үүрэг хариуцлага хүлээн ажиллаж ирсэн туршлагатай. Тэрээр 2025 оны 1-р сараас эхлэн Монгол Улсад НҮБ-ын системийн байгууллагуудын нэгдсэн үйл ажиллагааг удирдан зохицуулах үүрэг гүйцэтгэнэ.
Монгол Улсад томилогдохоосоо өмнө тэрээр Понпей/Микронезийн Холбооны Улсад байрладаг НҮБ-ын олон улсын шинэ алба болох Микронезийн НҮБ-ын Суурин Зохицуулагчийн албаны анхны зохицуулагчаар ажиллаж, Палау, Микронезийн Холбооны Улс, Маршаллын Арлууд, Науру, Кирибати зэрэг улсуудын үндэсний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын улсын багийг удирдан ажиллаж байжээ.
Энэхүү албан тушаалаас гадна ноён ван Хиерден өөр олон албан тушаалд ажиллаж байсан туршлагатай. 2018-2021 онуудад Афганистанд Cordaid байгууллагад ажиллаж, 2013-2016 онуудад Филиппин, Камбожид UNOPS-д, мөн 1995-2013 онуудад Копенхаген, Нью-Йорк, Куала Лумпур, Бангкокт UNOPS-ийн янз бүрийн албан тушаалд ажиллаж байсан. Тэрээр 1994 онд Бангкок дахь UNDP-д ажиллаж, 1991-1993 онуудад НҮБ-ын Хөрөнгө Оруулалтын Хөгжлийн Сангийн шугамаар Сьерра Леонед томилогдон ажиллаж байв.
Ноён ван Хиерден нь Вагенингений Их Сургуульд Хөдөө аж ахуйн эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр эхнэр болон дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.