Энэтхэг улсад энэ сарын 13-15-ны өдрүүдэд Олон улсын дуу, бүжгийн наймдугаар наадамд оролцсон Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Этүгэн” чуулгын уран бүтээлчид тус улсын Ассам, Баруун Бенгаль мужуудад болон нийслэл Шинэ Дели хотноо айлчлан тоглолт хийв.
Шинэ Дели хотын Урлагийн академийн концертын “Камани” хэмээх их танхимд энэ сарын 15-нд тус чуулгын тоглолтыг үзэж сонирхсон урлаг судлаачид, уг наадамд оролцсон Казахстан, Израйль, Литва, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Сири, Шри Ланка, ХБНГУ-ын уран бүтээлчид, Шинэ Дели дахь гадаад орнуудын дипломатууд, үзэгч олон нийт халуун талархал илэрхийлэв.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Ганболд Олон улсын дуу, бүжгийн наймдугаар наадмыг зохион байгуулсан Энэтхэг улсын Засгийн газрын Соёлоор харилцах Зөвлөлд болон олон улсын наадамд оролцолцогчдод, түүний дотор Монгол Улсыг төлөөлөн оролцож урын сан, авьяас чадвараа илтгэн харуулсан “Этүгэн” чуулгын уран бүтээлчдэд баяр хүргэж үг хэлэв.