Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Засгийн газар ашигтай ажиллаж буй төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг хэлэлцэж байна.

Засгийн газар ашигтай ажиллаж буй төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг хэлэлцэж байна.

2025 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр болсон Засгийн газрын хуралдаанд 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, 2024 оны гүйцэтгэлээр ашигтай ажилласан “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “МИАТ” ХК, “Төрийн банк” ХК зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг танилцууллаа.

2023 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүнгээр дээрх уул уурхай, иргэний агаарын тээвэр, банк, санхүүгийн салбарын таван аж ахуйн нэгж нь нийт 15.3 их наяд төгрөгийн орлого олж, 9.2 их наяд төгрөгийн зардал гарган, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, банк, мэдээлэл харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга, хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, спорт, соёл урлаг, гадаад харилцааны салбарт нийтдээ 122 төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, ойролцоогоор 60,000 хүнийг ажлын байраар хангаж байна. 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүнгээр эдгээр аж ахуйн нэгжүүд нийт 64.2 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 23.6 их наяд төгрөгийн орлого олж, 16.9 их наяд төгрөгийн зардал гарган, 4.9 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Хэдийгээр нийтдээ бараг 5 их наяд төгрөгийн цэвэр ашиг олсон ч үүний 4.75 их наяд төгрөгийн цэвэр ашгийг “Эрдэнэс Тавантолгой,” “Эрдэнэт үйлдвэр,” “Эрдэнэс Монгол,” “Хөдөө аж ахуйн корпораци,” “Төрийн банк” зэрэг таван компани, аж ахуйн нэгж үйлдвэрлэсэн бол үлдсэн 380 тэрбум төгрөгийг 51 компани, аж ахуйн нэгж бүрдүүлсэн байна. Харин 43 компани, аж ахуйн нэгж нийтдээ 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Засгийн газар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэлүүдийг эхлүүлсэн. Тухайлбал, 2025 оны Монгол Улсын төсвийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, үр ашигтай, бүтээмжтэй явуулах нөхцөлийг хангах зохицуулалтуудыг тусгасан. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн тухай хуулийн анхны төсөл боловсруулсан байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн