2025 оны 1-р сарын 16-нд Монгол Улсын Үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2024 оны өргөтгөсөн хуралдаан боллоо. Уулзалтаар Дорноговь аймгийн Өлзийт суманд орших Зүүвч-Овоо болон Дулаан-Уулын ураны ордуудад газар дээр уусган олборлох (in-situ leach) аргыг ашиглах техникийн болон эдийн засгийн үндэслэлийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг баталсан байна.
Төслийн хүрээнд барилга угсралтын ажлыг 2025-2028 онд гүйцэтгэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2028-2060 он хүртэл явуулах бөгөөд уурхайн хаалт, хяналтын ажлыг 2060-2070 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийг хэрэгжүүлснээр жилд дунджаар 2,500 тонн уран үйлдвэрлэхээс гадна уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажилд 329.06 сая ам.доллар зарцуулах, 795 ажлын байр шинээр бий болгох, нийт 1.67 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах, улмаар улсын болон орон нутгийн төсөвт нийт 4.6 тэрбум ам.долларын орлого оруулах төлөвтэй байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 томоохон төслийн нэг бөгөөд гуравдагч хөрш оронтой байгуулсан хоёр дахь том хэмжээний гадаадын хөрөнгө оруулалтын гэрээ юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улсын болон орон нутгийн төсвийн орлогыг өсгөх, ажлын байр бий болгох, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг шууд эдийн засаг, нийгмийн үр нөлөөтэйгээс гадна уул уурхайн салбарт экспортын шинэ төрлийн ашигт малтмал нэвтрүүлэх чухал ач холбогдолтой төсөл болж байна.