Иерусалим хотыг “Израилийн нийслэл”-ээр хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцэх тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд АНУ хориг тависан тухай ТАСС агентлаг мэдээлэв.
Энэхүү тогтоолыг батлахыг Аюулгүйн Зөвлөлийн 14 гишүүн улс дэмжсэн бол АНУ хориг тавьсан байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалж буй Японы дипломатч Коро Бессё мэдэгдэхдээ “Иерусалимын асуудлаарх тогтоолын төслийг 14 улс дэмжиж, ганц улс эсэргүүцлээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс эсэргүүцсэн учир энэ тогтоол батлагдсангүй” гэжээ.
АНУ 1990 оноос хойш Палестин болон Араб-Израилийн асуудлаарх тогтоолд нийт 14 удаа хориг тавиад байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг “Израилийн нийслэл” хэмээн хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор тус хотыг ирээдүйн төрт улсынхаа “нийслэл” гэж үздэг палестинчууд болон Израилийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн дэгдээд байгаа юм.