Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй болно

Иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилтын хүрээнд 2017-2020 онд хэрэгжүүлэх “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 71 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулж ажил олгогч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ажил хайгч иргэнийг бүртгэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх, ажил олгогчийн ажлын байрны захиалга авах, ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, гадаадаас буцан ирэгсэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа, хуулийн зөвлөгөө, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл зэрэг 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд хүүхэд харах өрөө, ажиллах чөлөөт орчин, хүний нөөцийн бүрдүүлэлт, эмэгтэйчүүдийн хөгжил, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл, сургалт хөгжлийн орчин бий болгосон.

Тус төвийн нээлтийн арга хэмжээ энэ сарын 30-ны өдрийн 11:00-12:00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт зохион байгуулна. Нээлтийн арга хэмжээнд Startup Mongolia ТББ, Хэрэглээний сэтгэл судлал хүрээлэн, “Номин Холдинг” ХХК, “Эвридэй Интернэшнл” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, дараах арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд:

  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ
  • Ажилд зуучлах үйлчилгээ
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
  • Бүлгийн сургалт зохион байгуулах /СV хэрхэн бөглөх, Ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх талаар/
  • Гарааны бизнесээ хэрхэн удирдах, хөгжүүлэх талаар сургалт зохион байгуулах
  • Ажил олгогч байгууллагын хүний нөөцийн менежерүүд ажил хайгч иргэдтэй ажлын ярилцлага хийж шууд ажлын байраар хангах юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн