Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Манай улсын энхийг сахиулагчид Конго тосгоны бага сургуульд өргөтгөл, засвар хийв

Манай улсын энхийг сахиулагчид Конго тосгоны бага сургуульд өргөтгөл, засвар хийв


Бүгд найрамдах Өмнөд Судан улсын мотобуудлагын батальоны наймдугаар ээлжийн баг бүрэлдэхүүний санаачилсан “Барилга-инженерийн” иргэн цэргийн харилцааны нээлтийн арга хэмжээ Рувейнг мужийн Парианг сууринд энэ сарын 18-нд боллоо.

Тус арга хэмжээнд UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч хатагтай Хироко Хирахора, Мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Жавхланбаяр, БНӨСУ-ын Хүүхдийн хөгжил, соёл урлагийн яамны Муж хариуцсан дарга Абрехэм Атуол, Парианг суурингийн нарийн бичгийн дарга Виктор Нгуар болон НҮБ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, орон нутгийн иргэд, хүүхдүүд оролцсон байна.

Дээрх засварын ажлыг мотобуудлагын батальоны сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, төрийн цэргийн байгууллага сурталчлах аяны бүтээлч ажлын хүрээнд Зэвсэгт хүчний анги салбаруудаас үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын төлөөлөл Кумагон бага сургуулийн засварыг дотоод нөөц бололцоог ашиглан хийжээ. Тухайлбал, ширээ, сандал, хаалга, цонхыг нь засварлаж, хичээлийн зургаан танхим, багш нарын ажлын өрөө, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой танхим хүлээлгэж өгсөн байна.

Ийн тус бага сургуульд засвар хийгдсэнээр 250 хүүхдэд нэгэн зэрэг сургалт явагдах нөхцөл бололцоогоор хангагдаж, Рувейнг Хоп цэцэрлэгт шинээр хичээлийн гурван танхим бүхий барилгыг барьж, бие засах газрыг шинэчлэн, хүүхдийн тоглоомын талбайг сэргээн засварлаж, ус зайлуулах шугамын дээгүүр явган хүний гүүр байгуулжээ.

Цэцэрлэгийн барилгыг хүлээлгэн өгөх үеэр БНӨСУ-ын Хүүхдийн хөгжил, соёл урлагийн яамны Муж хариуцсан дарга Абрехэм Атуол “Монгол Улсын Мотобуудлагын VIII батальоны бие бүрэлдэхүүнд маш их баярлалаа. Өнөөдрийн үйл явдал бол бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад оруулж буй маш том хөрөнгө оруулалт байлаа” гэв. Мөн тус цэцэрлэгийн захирал Жон Нгугк “Өнөөдрийн арга хэмжээнд маш их баярлаж байна. Манай цэцэрлэгийн хүүхдүүдийг шинэ хичээлийн танхим, сурч боловсрох ширээ сандал, тоглох тоглоомын талбайтай болгосон Монгол цэргүүддээ маш их баярлалаа гэдгээ дахин хэлмээр байна” гэжээ.

Үүнээс гадна нээлтийн үеэр Монголын үндэсний урлаг, соёл болон үлээвэр найрал хөгжмийн хэсэгчилсэн тоглолт болсон бөгөөд нутгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, тоглоом гардуулж, сурлага хөдөлмөрийн амжилт хүссэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн