Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Манай улс Уран гулгалтаар Дэлхийд өрсөлдөх боломжтой

Манай улс Уран гулгалтаар Дэлхийд өрсөлдөх боломжтой

Хүн төрөлхтөний спортын их цэнгэл баяр 23 дахь удаагийн өвлийн олимпийн наадам БНСУ-ын Пёньчан хотноо амжилттай болж өндөрлөлөө. Олимпийн сонин сайхныг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа хойно нуршиж чилээгээд яахав.Харин олимпын дуулиан намдаагүй халуун амьсгаан нэгэн чухал сэдвийг хөндөе гэж бодлоо. Манай баг тамирчид ”Уралдахаасаа оролцох нь” гэсэн ээлжит уриатайгаа ирээд 90-р байр хавиар ороод буцав бололтой. Ийм маягаар олон олимт оролцлоо. Одоо өөрчлөлт хийх, ”Оролцохоосоо уралдах нь, амжилт гаргах нь” гэсэн урианд шилжих цаг нэгэнт болжээ.

Бидний олон жил олимпт нүүр тахалсан цанын спортоор яс том, мөч урттай европ хүмүүс илүү амжилт гаргадагийг олон олимпт бид харлаа.Үзлээ.Харин бие бялдарын хувьд бидэнтэй ижил төстэй өгөгдөлтэй Ази хүмүүсийн амжилт гаргаж буй төрлүүдээр амжилтанд,медальд хүрэх боломж монголчуудад бий. Ийм боломжийн талаар дэлгэрэнгүй өгүүлье.

1980 аад оны сүүлч, 90-ээд оны эхээр ази уран гулгагчид дэлхийн өрсөлдөөнд орж ирсэн байдаг. 1989 онд Японы Митори Ито дэлхийн аварга болж, түүнээс хоёр жилийн дараа япон гаралтай Америк уран гулгагч Кристи Ямагучи дэлхийд 2 жил дараалан түрүүлэн, 1992 оны Алберьвиллийн олимпоор К.Ямагучи алт, М.Ито мөнгө авснаар Ази уран гулгагчид дэлхийн мөсөн талбайд том өрсөлдөгчид болсноо зарласан юм.

2010 оны Ванкуверын олимт 20 настай солонгос охин Ким Юна түрүүлж, БНСУ-ын анхны уран гулгалтын олимпын аварга болсон. Өдгөө ч азиуд уран гулгалтаар дэлхийд ноёлж байгаа нь яс хөнгөнтэй ази хүнд уран гулгалт тохирсон спорт гэдгийн нотолгоо юм. Саяны олимпоор түүхэнд байгаагүй хамгийн олон тамирчин эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцлоо. Ажиглаад байх нь Бразил, Швецари, Австрали зэрэг олон орны гулгагчид АНУ-д төрж өссөн эсвэл тэнд амьдарч бэлтгэл сургуулилтаа хийдэг байх юм. Насанд хүрээгүй тохиолдолд аав ээжийнхээ харъяалалыг дагаж тухайн орны нэр дээрээс оролцох боломжтой байдаг юм байна. Эндээс л уран гулгалтаар монголчууд дэлхийд амжилт гаргах сэжүүр гарч ирж байгаа юм.

 Колорадо мужид амьдардаг Отгонбаярын Ивээл

Отгонбаярын Ивээл

АНУ болон Канадад төрсөн олон монгол хүүхэд уран гулгалтаар хичээллэдэг, тодорхой амжилт гаргадаг болсоор нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Миний мэдэхийн АНУ-д амьдардаг Ч.Наранчагаа хэмээх охин уран гулгалтаар тодорхой амжилт гаргаж байснаа чимээгүй болсон. Хөрөнгө мөнгөний гачаалд боомлигдов уу яав мэдэхгүй. Колорадо мужид амьдардаг Отгонбаярын Ивээл охин Америкийн томчууд бэлтгэлээ хангадаг Колорадо спрингст төвтэй уран гулгалтын баазад бэлтгэл хийж муж, бүсийн тэмцээнүүдээс олон медаль хүртээд байгаа. Ур чадварын олон ангилалын хамгийн дээд түвшинд тулж очоод байгаа уран гулгагч.

Мэргэжлийн хувьд ч тэр, ур чадвар, насны хувьд ч тэр О.Ивээл охиныг дараагийн олимпт эх орноо төлөөлөн оролцох бүрэн боломжтой гэж түүний орос дасгалжуулагч ярьсан байна билээ. Гэвч олимпт оролцоно гэдэг нэг гэр бүлийн үүрээд гарах санхүү биш нь мэдээж. Хар багаасаа хичээллэж мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн тамирчныг 4 жил бэлдээд олимпт оролцуулах уу, эсвэл бүр шинээр тамирчин бэлдэх үү гэдэг бодох л ёстой асуудал. Зовж олсон хэдээсээ илүүчилж үр хүүхэддээ зориулж байгаа эцэг эхчүүдийн мөрөөдөл бол монгол хүнийг уран гулгалтаар амжилтад хүргэх.

Уран гулгалт зардал ихтэй, үнэтэй,үнэтэйнхээ хэрээр үнэ цэнэтэй,урлаг спортын хослол. Дэлхийн уран гулгалтын сургалтын гол бааз болох АНУ, Канадын мөсөн талбайд хүүхдээ сургаж бэлтгэл хийлгэнэ гэдэг өндөр даваа. Амжилтанд хүрэх,цаашлаад олимп дэлхийгээс медаль ч хүртэх боломжтой олон хүүхдийн мөрөөдөл хөрөнгө мөнгөнөөс болж тэрхүү өндөр давааны бэлд бүдэрдэг.Бэлэн бэлдээд өгсөн,жаахан л хөрөнгө мөнгөөр дэмжээд бэлтгэл сургуулилт хийх боломжийг нь хангаад өгвөл амжилт үзүүлэх боломжтой ийм хүүхдүүдээ монголын төр ивээлдээ авбал Монгол улс уран гулгалтаар дэлхийд өрсөлдөх эхлэл нь энд нэгэнт тавигдчихаад байна.

Дэлхийн шилдэгүүд чуулдаг олимпын наадмын мөсөн талбайд монголын уран гулгагч Монголиа гээд эх орноо дуудуулаад гарах тийм мөч ойрхон байгааг эрхэм ерөнхийлөгч,холбогдох байгууллагууд анхааралдаа аваасай. Зөвхөн уран гулгалт ч гэлтгүй дэлхийн хөгжилтэй улс гүрнүүдэд спортын бусад төрлүүдээр хичээллэж амжилт гаргаж байгаа монгол хүүхдүүдээ монголын төр ашиглаасай билээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн