Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Махны үнэ 1000-3000 төгрөгөөр нэмэгджээ.

Махны үнэ 1000-3000 төгрөгөөр нэмэгджээ.

Иргэд өвлийн идшээ бэлдсэн энэ цаг үед өргөн хэрэглээний бараа тэр дундаа хүнс, махны үнэ багахан ч гэсэн буурдаг. Тиймээс энэ удаа “Хүчит шонхор” буюу Дэнжийн 1000-ын захыг зорин очиж, махны үнэ ямар байгааг сурвалжиллаа. Гэвч тус захад махны үнэ өмнөх саруудтай харьцуулахад 1000-3000 төгрөгөөр нэмэгдсэн байлаа.

Махны худалдаа эрхлэгчдээс махны үнэ нэмэгдсэн шалтгааныг асуувал, мал тооллого болж, өвлийн идэшний дараа нойтон махны нийлүүлэлт буурсан гэдгийг хэлж байв.

Тодрууулбал, үхрийн цул мах 18.500-19.500, үхрийн ястай мах нь 17.500-18.000 төгрөг, үхрийн гуяны цул мах 21.000-22.000 төгрөг буюу хамгийн үнэтэй зарж байна. Харин адууны ястай, ясгүй мах 10.000 төгрөгийн үнэтэй бол хонины ястай мах 14.000-14.500 төгрөг, хонины цул мах 15.500 төгрөгийн үнэтэй байлаа. Ямааны ястай мах нь 11.000 төгрөг, цул нь 12.000 төгрөгийн үнэтэй зарж байна.

“Махны үнэ харин ч хямдарчихаад байгаа нь энэ. Цаанаасаа нойтон махны нийлүүлэлт бага байна. Шинэ мах бага болсон. Зоорины махыг нэг килограмм нь 12 мянган төгрөгөөр бөөндөж байгаа” гэдгийг махны худалдагч эмэгтэй тайлбарлав.

“Хүчит шонхор” зах дээр хоёр сарын өмнө/2024.11.28/ хонины мах килограмм нь 12.000-13.500 төгрөг, ямааны мах 9500-10.000 төгрөг, үхрийн цул 12.000-15.000 төгрөг, адууны цул 8500-9000 төгрөгийн үнэтэй зарж байсан юм.

САР ШИНИЙН УУЦ 360-600 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

 

Тус захад махны ченж, худалдаачдаас гадна аймгаасаа зорьж ирсэн малчид мах зарахаар зогсдог болоод удаж буй. Малчид түлхүү Сүхбаатар, Дундговь болон говийн аймгуудаас зорьж иржээ.
Тэд өвс, тэжээл, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир хэдэн малаа зарсан ч ашиг тааруухан байна гэдгийг хэлж байв. Махны жижиглэн болон бөөний худалдаанаас гадна малчид хонины ууц зарж эхэлжээ.
Хонины тарган ууцны үнэ 360 мянган төгрөгөөс эхэлнэ. Хамгийн үнэтэй 40-өөс дээш килограмм жинтэй ууц 500-600 мянган төгрөг хүрч байлаа.
Дундаж үнэтэй ууц нь 30 килограмм байх бөгөөд 450 мянган төгрөг болж байв. Харин махны бөөний цэгүүдээр үхрийн ястай мах нэг килограмм нь 17.000-18.000 төгрөгийн үнэтэй зарж байсан бол хонины гулууз мах нэг килограмм нь 11.800 төгрөг, ямааны гулууз мах нэг килограмм нь 8500 төгрөгийн үнэтэй зарж байна. Ихэнх гулууз мах 20-иос дээш килограмм жинтэй байдгийг худалдагч нь хэлж байв.
Захаас хоол хүнсээ цуглуулж яваа иргэн Ц.Сүрэнхүү “Мах үнэтэй байна. Үхрийн мах гэхэд 18.000-19.000  төгрөгийн үнэтэй зарж байна. Өмнө нь 10 килограмм мах авдаг байсан бол тав болж багасч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ дийлдэхээ байлаа” гэж бухимдангуй хариуллаа.
ҮСХ: ҮХРИЙН ЦУЛ МАХНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.5 ХУВИАР ӨССӨН
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2024 оны арванхоёрдугаар сард өмнөх сараас 1.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өссөн дүнтэй гарсан. Улаанбаатар хотын инфляцид бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 3.1 нэгж хувь /33.6 хувь/, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.8 нэгж хувиар /52.4 хувь/ тус тус нөлөөлсөн байна.
Хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 2024 оны арванхоёрдугаар сард 20.667 төгрөг болж, 2022 оны арванхоёрдугаар сараас 32.8 хувиар, 2023 оны арванхоёрдугаар сараас 13.4 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар /309 төгрөгөөр/ өссөн байна.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны арьанхоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 17.1 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 16.3 хувиар, адууны махны үнэ 8.7 хувь, хонь, ямааны махны үнэ 21.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Талх, гурил, будааны бүлгийн үнэ 6.5 хувиар өсөхөд гурилын үнэ 2.1 хувиар, талх, нарийн боовны үнэ 9.4 хувиар, гоймонгийн үнэ 18.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн