2025 оны 1-р сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад суух Бүгд Найрамдах Турк Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 21 жилийн дараах анхны айлчлал Турк Улсад 2024 онд тохиосон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд амжилттай зохион байгуулагдсаныг онцлов. Энэ түүхэн айлчлалыг амжилттай зохион байгуулж, хоёр улсын харилцааг Стратегийн Түншлэлийн түвшинд хүргэсэнд Элчин сайд Зафер Атещ болон Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлэв.
Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын ард түмний энх тайван, найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ерөнхийлөгч Хүрэлсүх Элчин сайд Зафер Атешийг “Найрамдал” медалиар шагнасан байна.
Элчин сайд Зафер Атещ Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд өөрийн бүрэн эрхийн хугацаанд үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, хоёр улсын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Зафер Атещ 2021 оны 5-р сард Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.