Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол, Лаосын Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 12 дахь хурал боллоо.

Монгол, Лаосын Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 12 дахь хурал боллоо.

2025 оны нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Монгол, Лаосын Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 12 дахь хурал Лаосын Ардчилсан Бүгд Найрамдах Улсын нийслэл Вьентьян хотноо зохион байгуулагдлаа.

Хурлын үеэр хоёр тал хоёр улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл солилцож, худалдаа, эдийн засаг, авто тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Монгол, Лаосын харилцаа, хамтын ажиллагаа харилцан ашигтай, харилцан дэмжлэг үзүүлэх зарчимд үндэслэн бүх салбарт өргөжин тэлж байгаад хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, улс төрийн итгэлцэл бэхжиж, өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамж тогтмолжиж буйг сайшаав.

Монголын талаас комиссын даргаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Лаосын талаас Эрүүл мэндийн сайд Бунфэнг Фуммалайсит нар ажиллаж, Монгол, Лаосын Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа нь төрийн айлчлалуудын үеэр тохиролцсон хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, хоёр улсын иж бүрэн, харилцан ашигтай, харилцан дэмжлэгтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэв.

Сүүлийн жилүүдэд Монгол, Лаосын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа эрчимжиж байгааг талууд тэмдэглэж, 2022 онд хоёр улсын Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиролцов.

Хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж байгаатай уялдуулан, харилцан бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг судлахаар болов. Тухайлбал, Монгол Улсаас Лаос руу мах, махан бүтээгдэхүүн, Лаосоос Монгол руу будаа, жимс, жимсгэнэ, улаан модон бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлыг хэлэлцэв. Түүнчлэн, Монгол Улсаас Лаос руу мал, малын гаралтай түүхий эд, мал үржлийн бүтээгдэхүүн нийлүүлэх, мал эмнэлэг, хорио цээрийн гэрчилгээ, худалдааны нөхцөлийн талаар хэлэлцээ хийхээр тохиролцов.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх нь чухал болохыг талууд онцлов. Лаосын тал 2021 онд ашиглалтад орсон Вьентьян-Куньмин (БНХАУ) чиглэлийн 414 км төмөр зам нь худалдааг хөнгөвчлөх, тээвэр, логистикийн саад бэрхшээлийг бууруулах, зөвхөн Лаос гэлтгүй бүс нутгийн хүн, бараа, бүтээгдэхүүний урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон дурдав.

Хоёр орны хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, Эрүүл мэндийн яамд хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангах, Лаосын эмч нарыг богино болон дунд хугацааны сургалтад хамруулах, хоёр улсын аялал жуулчлалын компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцох талаар талууд санал нэгдэв.

Хоёр орны оюутан, залуус Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны гэрээний дагуу тэтгэлэгтэйгээр суралцаж байгааг талууд сайшаан тэмдэглэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон бусад олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ нотлов. Энэ хүрээнд, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Лаосын тал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д өндөр түвшний төлөөлөгчөө илгээхээ мэдэгдэв. Мөн Монгол Улсын Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад (APEC) элсэх хүсэлтийг дэмжиж буйгаа дахин нотлов.

Монгол, Лаосын Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын 12 дахь хурал ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд болж өндөрлөлөө. Хурлын үр дүнд эдийн засаг, худалдаа, зам, тээвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах протоколд хоёр тал гарын үсэг зурав.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн