Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсныг илрүүллээ

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсныг илрүүллээ

Нийслэлд замбараагүй үйл ажиллагаа явуулж, охид бүсгүйчүүдийг биеэ үнэлэхийг өөгшүүлж байгаа саун, массажны газруудын талаар манай сонин удаа дараа нийтлэл бичиж, тухайн газар дээрээс нь сурвалжилсаар байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт “Дугаарын онцлох сэдэв”-ээрээ энэ асуудлыг дахин хөндсөн. Тэгвэл ЭЦА-ныхан НЦГ-ын ажилтнуудтай хамтран энэ сарын 19-28-нд саун, массажны газруудад шалгалт хийжээ. Энэ шалгалтаар нийслэлд 34 газарт охид, эмэгтэйчүүдийг массажист нэрийн доор биеийг нь үнэлүүлж, түүнийг зохион байгуулан, бэлгийн мөлжлөгт оруулж байсан нь илэрсэн гэдгийг өчигдөр ЭЦА-ны мөрдөгч, ахмад Х.Түвшинбаяр мэдээлэв.

Эдгээр газрын дөрөв нь гоо сайхан, массаж нэрээр тусгай зөвшөөрөл авсан бол бусад нь ямар ч бичиг баримтгүй байсан аж. Тэнд 127 бүсгүй биеэ үнэлж байсны дөрөв нь насанд хүрээгүй гэнэ. Насанд хүрээгүй охидыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 127 бүсгүйд цагдаагийнхан Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авах гэнэ. Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргийн нутагт, саун массаж нэрийн доор бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар ханган, бэлгийн мөлжлөгт оруулж байсан таван үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөж байгаа аж.

Ийм явдал байсаар, арилахгүй байгаа шалтгаан нөхцөлийг ч цагдаагийнхан судлаад саун, массажны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох, хяналт шалгалт хийх эрх зүйн тогтолцоо сул байгаатай холбоотой гэж дүгнэжээ. Эдгээр газарт дүүргийн Хүнс, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс тусгай зөвшөөрөл олгодог ч сауны стандартад ямар байгууллага хяналт тавих нь тодорхойгүй зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй аж.

Саун, массаж нэрийн доор биеэ үнэлэх ажлыг зохион байгуулж буй хүмүүсийн 95 хувь нь иргэд, аж ахуйн нэгжийн байрыг түрээсэлдэг бөгөөд тэнд хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдсээр атлаа ашиг олох зорилгоор нүдэн балай, чихэн дүлий суудаг. Харин энэ удаа цагдаагийнхан тухайн байруудыг түрээслүүлэгч нарт хатуухан хариуцлага тооцохоор шалгаж эхэлсэн гэнэ.

Түүнээс гадна цахим орчинд садар самууныг сурталчилсан, биеэ үнэлэх чиглэлийн заруудад хяналт тавьж байгааг ч цагдаагийнхан дуулгав.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн