Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Наурызын баярыг угтсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Наурызын баярыг угтсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Казахстан Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ой болон «Наурыз»-ын баярыг тохиолдуулан “Наурыз 2018” хүндэтгэлийн арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, УИХ-ын гишүүн асан, академич А.Бакей, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D), Соёлын гавьяат зүтгэлтэн М.Зулькафиль, Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч, доктор, профессор (Sc.D) Т.Султан тэргүүтэй Монгол Улсад суугаа Казахстаны иргэд уригдан оролцсон юм.

Уг арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Эрхэм хүндэт аксакалууд, настан буурлууд, хүүхэд залуустаа, нийт казах иргэдээ Наурызын баярыг тохиолдуулан нийслэлчүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Урин цаг наашилж, ургамал төлжих цагийг угтан золгодог Наурызын баяр бол манай казах түмний шашин соёл, уламжлал, ёс заншил, ураг төрлийн өргөн дэлгэр баяр билээ. Баярын энэ өдөр айл гэр, аймаг хотлоороо настан буурлууддаа хүндэтгэл үзүүлж, залуустаа сургаал элбэрлээ хайрлаж, улиран одож буй оныхоо амжил бүтээлээр бахархан, алдаа оноог шүүн тунгааж, ирэх жилийнхээ өнгийг шинжиж, өөдрөг бүхнийг бэлгэдэн ерөөдөг сайхан уламжлал манай казах түмэнд бий.

Нарны баяр буюу Наурызын баяр нь дэлхий нойрноос сэрж, өдөр шөнө тэнцэн, хүн төрөлхтөн уламжлалаа дээдлэн, байгаль дэлхийгээ шүтэн билэгшээдийг илтгэхийн зэрэгцээ залуу, хойч үедээ өв соёл, хүндлэл бахархалыг өвлүүлэн үлдээдэгээрээ онцлог юм. Тиймээс ч Нийслэлийн удирдлагын зүгээс Казак түмний өв соёлтой салшгүй холбоотой“ Бүргэдийн баяр”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулдаг уламжлал тогтоож байна. Баян өлгий аймгаас шилдэг бүргэдчид ирж, энэхүү наадамд оролцохын зэрэгцээ 6000 жилийн түүхтэй бүргэдээр ан хийх, үйлийг олон улсад сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Цаашдаа ч энэ наадам улам өргөжинө гэдэгт хотын даргын хувьд итгэлтэй байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинэчлэлт өөрчлөлтийн бүхий л цаг үед ажилч хичээнгүй, авьяас билэгт, зорьсондоо тууштай казак иргэдийн маань оруулсан хувь нэмэр их. Өнөөдөр ч нийслэл хотын маань 9 дүүрэгт , салбар бүрт казак түмэн маань үр бүтээл арвинтай ажиллаж , амьдарч байна. Тэр дундаа Налайх дүүрэгт казак иргэд илүү олноор суурьшин амьдарч байдгийг та бүхэн мэднэ.

Иймд нийслэлийн удирдлагын зүгээс Налайх дүүрэгт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, уурхайтай аж амьдралаа холбосон, түүхийг бүтээлцсэн казах иргэдээ дэмжсэн бодлого баримтлан ажилладаг гэдгийг дуулгая. Эх орныхоо өнцөг булан бүрт аж төрж, улс орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн бүтээл хувь нэмрээ оруулж байгаа нийт казах иргэддээ золгон ирж буй Наурызын хаврын баярыг элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ургах нарыг угтан тосч, аялгуут домбороо хөглөж, айлчин гийчнээ баясган, дастархан дүүрэн идээ будаагаа дэлгэн, ураг төрлөөрөө баясан суугаа казах түмний маань золбоо хийморь, хүсэл эрмэлзэл зоригт бүргэдийн дэвэлт адил дээшилж байхыг хүсье” хэмээлээ.

2010 оны хоёрдугаар сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу, «Наурыз»-ыг олон улсын баяр болгон зарласан. Жил болгон дэлхийн олон орон, үүний дунд Монгол Улсад ч мөн Наурызын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн