Нийслэлийн 385 жилийн ой, Монгол Улсыг Бүгд Найрамдах Улс гэж зарласан, анхны Үндсэн хуулиа баталсан түүхэн ой, мөн Хүрээ хотоо Улаанбаатар хэмээн нэрлэсэн 100 жилийн ойд зориулсан дурсгалын маркны анхны өдрийн гарын үсэг зурах ёслол 2024 оны арванхоёрдугаар сарын 26-нд боллоо.
Энэхүү түүхэн маркны цуврал нь нийслэл хотын баялаг түүх, хөгжил дэвшлийг харуулсан гурван өөр загвартай:
- “Хүрээ нүүдэл (1639-1778)” – Нийслэл хот үүсгэн байгуулагдах хүртэлх нүүдлийн хөдөлгөөнийг дүрсэлсэн;
- “Нийслэл Хүрээ (1912-1923)” – Хот төлөвлөлт, суурьшлын үеийн шилжилтийг дүрсэлсэн;
- “Улаанбаатар хот (1924-2024)” – Орчин үеийн хот болон хөгжсөнийг дүрсэлсэн.
Марк нь улсын тусгаар тогтнол, түүх, соёлын өвийг илэрхийлэх онцгой ач холбогдолтой билээ. Энэхүү дурсгалын маркны цуврал гарснаар түүхэнд шинэ хуудас нэмж, марк цуглуулагчдын хувьд баярт мөчийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өмнө нь Монгол Шуудан компани Улаанбаатар хотод зориулан хэд хэдэн дурсгалын марк гаргаж байсан. Тухайлбал, 1974 онд хотын 50 жилийн ойд, 1984 онд 60 жилийн ойд, мөн 1999, 2014, 2019 онуудад Хүрээ хотын 360, 375, 380 жилийн ойд зориулсан маркны цувралуудыг гаргаж байжээ.