Уул уурхайн нийт арилжааны 90.6 хувийг нүүрс эзэлж байна.
2024 оны 12-р сарын 13-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржээс мэдээлснээр нийт 24.55 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн 8.85 их наяд төгрөгөөр арилжаалагдсан байна. Нийт арилжааны 90.6 хувийг нүүрс эзэлж байгаа бол 9.2 хувийг төмрийн хүдэр, үлдсэн хэсгийг хайлуур жонш, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүн эзэлж байна.
Үнэ өссөнөөс үүдэн борлуулагчид 796.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон болохыг онцолжээ. Өнгөрсөн долоо хоногийн арилжааны дүнгээс харахад 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр хамгийн их арилжаалагдсан бүтээгдэхүүн байсан хэдий ч арилжааны нийт дүнгийн ихэнхийг нүүрсний худалдаа бүрдүүлсэн байна.
12-р сарын эхнээс хойш “Монголросцветмет” ТӨҮГ 52%-ийн агууламжтай 19,800 тонн төмрийн хүдэр худалдаалжээ. Сарын эхэнд 52%-ийн агууламжтай төмрийн хүдрийн нэг тонн тутмын үнэ 65 ам.доллар байсан бол 12-р сарын 12-ны өдрийн байдлаар 63.5 ам.доллар хүртэл буурсан байна.