2024 оны 12-р сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газруудын хооронд байгуулсан Улаанбаатар хотын III дулааны цахилгаан станцыг өргөтгөх, шинэчлэх төслийн зураг төслийг боловсруулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
“III дулааны цахилгаан станцын 48 МВт-ын дунд даралтын хэсэг 1968-1975 оны хооронд, 100 МВт-ын өндөр даралтын хэсэг 1976-1981 оны хооронд ашиглалтад орсон. 2014 онд 50 МВт-ын турбин генератор нэмэгдсэнээр суурилагдсан хүчин чадал нь 198 МВт цахилгаан, 585 Гкал/цаг дулааны хэмжээнд хүрсэн. Одоо 56 жил ажиллаж байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн сүлжээг дэмжих хамгийн тохиромжтой байршилд уг станц байрладаг. Энэ нь Улаанбаатар хотын дулааны нийлүүлэлтийн 32 хувь, төвийн бүсийн цахилгааны 16 хувийг хангаж байна. Өвлийн улиралд III дулааны цахилгаан станцад техникийн гэмтэл гарах эрсдэлээс шалтгаалан дулааны хангамжийг хэрэглэгчдэд хязгаарлах магадлал нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатай” хэмээн онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө станцыг хоёр үе шаттай өргөтгөх төлөвлөгөөг тусгасан байна. Эхний шатанд 50 МВт цахилгаан, 100 Гкал/цаг дулааны хүчин чадалтай шинэ дулааны цахилгаан станц барих бол одоо байгаа 48 МВт-ын хэсгийг зогсоож, оронд нь 250 МВт цахилгаан, 400 Гкал/цаг дулааны хүчин чадалтай станц барихаар төлөвлөсөн. Үүний зураг төслийг боловсруулах ажил хоёр дахь шатанд хийгдэх юм.
2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “III дулааны цахилгаан станц” ХК болон “Интер РАО-Экспорт” ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, өргөтгөлийн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. “Интер РАО-Экспорт” ХХК техник, эдийн засгийн үндэслэлийг өөрийн санхүүжилтээр боловсруулж, 2022 оны 9-р сард III станцад хүлээлгэн өгсөн. Төслийн нийт өртөг, барилгын хугацааг нарийвчлан тогтоохын тулд Монгол Улсын Эрчим хүчний яам Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулсан.
2024 оны 8-р сард Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засаг, төсвийн байнгын хороодоор хэлэлцүүлж, тэдгээрийн дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдын 48 дугаар чиглэлийн дагуу Эрчим хүчний сайдыг Оросын талтай хэлэлцээрт гарын үсэг зурахыг зөвшөөрсөн. 2024 оны 9-р сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр талууд хэлэлцээрт гарын үсэг зурсан. Уг хэлэлцээрт төслийн зураг төслийг боловсруулах инженерийн судалгаа, шинжилгээний цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, “III дулааны цахилгаан станц” ХК-г захиалагч, “Интер РАО-Экспорт” ХХК-г гүйцэтгэгчээр томилсон.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн танилцуулга болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийг батлах эсэх талаар санал хураалт явуулсан. Их хурлын гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг баталлаа.