2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Дэд дарга Хүрэлбаатарын Булгантуяа Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коуллинтэй уулзав.
Уулзалтын үеэр Дэд дарга Х.Булгантуяа Азийн Хөгжлийн Банк нь 1997 оноос хойш Монгол Улстай тууштай хамтран ажиллаж, ялангуяа хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилготой татаас, техникийн туслалцааны төслүүдийг хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэв. Тэрбээр цаашид АХБ Монгол Улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.
Дэд дарга Х.Булгантуяа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл явцыг түргэсгэхийн тулд Монгол Улсын Их Хурал 2023, 2024 онд Стэнфордын Их Сургууль болон “Бань Ги Мүний Сайхан Ирээдүйн Сан”-тай хамтран “Алтайн Чанадын Тогтвортой Байдлын Диалог”-ыг амжилттай зохион байгуулсныг онцлон тэмдэглэв. Энэхүү Диалог нь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, энх тайван, шударга ёс, хүчирхэг институцийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 20-30 хувьд хүргэх саналыг дэвшүүлсэн байна.
Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ онд “Цаг уурын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд Тогтвортой байдлын форум зохион байгуулагдахаар төлөвлөж байгааг дурдав. Энэхүү форум нь Ази болон Алтайн бүс нутгийн бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд, судлаачид, практик ажилтнуудыг нэгтгэн, байгаль орчны нийтлэг сорилтуудыг шийдвэрлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлох зорилготой юм. Тус арга хэмжээний үеэр ногоон санхүүжилт, техникийн хамтын ажиллагаа, дипломатын харилцааны чиглэлээр олон улсын шилдэг туршлагыг хэлэлцэх болно.
Энэ хүрээнд, Дэд дарга Х.Булгантуяа Азийн Хөгжлийн Банкийг энэхүү чуулганд ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг урив.