Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтриг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар уул уурхай, хөрөнгө оруулалт, боловсрол, техникийн туслалцааны чиглэлээр хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг дурдаж, Австрали Улсын уул уурхайн салбараа амжилттай хөгжүүлсэн туршлагыг судлах, сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Уул уурхайн салбарт Австрали-Монголын Олборлох салбарын төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, Австралийн Гео-шинжлэх ухааны байгууллага, Гадаад хэрэг, худалдааны яамтай геологийн салбарыг хөгжүүлэх хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар талууд санал солилцов.
Элчин сайд Жон Лангтри хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Австрали Улсын зүгээс Монгол Улсын уул уурхай, боловсрол зэрэг салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын татвар, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны талаар мөн талууд санал солилцож, уулзалт элэгсэг, дотно болж өндөрлөв.