Зөвлөгөөнд ЗТХЯ, БСШУСЯ, ХЗДХЯ, МХЕГ, МУЗН, Цагдаагийн алба болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов. “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” үндэсний зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2010 онд 64/255 дугаар тогтоол батлан 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хороо байгуулсныг миний бие ахлан ажиллаж байна. Өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүд замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг зөвхөн замын хөдөлгөөнд оролцогч, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд түлхүү тусгадаг байсан. Харин энэ удаад бид “Хүн, тээврийн хэрэгсэл, зам, орчин” гэсэн дөрвөн элементийг цогцоор нь авч үзсэнээрээ онцлогтой.
Стратегийг хэрэгжүүлэх хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хууль, аюулгүй байдлын олон улсын 8 стандарт, 26 дүрэм журмыг баталсан. Мөн зам, замын байгууламжийн чанарыг сайжруулах, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулж ажиллаа.
Үүний үр дүнд 100 мянган хүнд ногдох гэмтэл 623,5 байсан бол 564,2 болж, нас барсан хүний тоо 20,7 байсан бол 16 болж тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Цаашид тодорхой арга хэмжээг хэвшүүлэхийн зэрэгцээ байнга шинэчилж байх, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуульд заасан сангуудыг бий болгож, ашиглах нөхцлийг нь бүрдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, зам, тээврийн аюулгүй байдалтай холбоотой олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох, нэн шинэ, тэргүүний стандарт, норм, дүрмүүдийг нутагшуулах, үндэсний хэмжээнд мөрдөгдөж байгаа эрх зүйн хэм хэмжээг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг хийхэд иргэдийнхээ санаачилгыг ч авч ажиллана”. Ер нь ЗТХЯам болон сайдын зүгээс 2018 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, осол аваарыг бууруулахад онцгой анхаарах жил болгоно гэдгийг энэ үеэр онцоллоо.
Энэ үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад идэвхи санаачилгатай ажилладаг, нийгэмд нэр нөлөөтэй хоёр иргэнийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч”-ээр, 11 байгууллагыг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжигч байгууллага”-аар шалгаруулан хамтран ажиллахаар батламжийг гардууллаа. Мөн Замын цагдаагийн албанд хяналтын систем бүхий 100 ш IPad, Улаан загалмайн нийгэмлэг болон аймгуудад түргэн тусламжийн техник хэрэгслийг гардуулан өглөө.
Тус техник нь зам тээврийн ослын шалтгааныг зөв тогтоох, хариуцлагын тогтолцоог бий болгох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тодорхой чиглэлд зохион байгуулахад болон алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх чухал ач холбогдолтой аж. Эдгээр техник хэрэгслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олгож байгаа юм.
Зөвлөгөөний хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, Үндэсний стратегийн хэрэгжилт, анхаарах асуудал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, Олон улсын туршлага болон судалгааны ажил сэдвүүдийн хүрээнд холбогдох байгууллагын удирдлага болон мэргэжилтнүүд зөвлөлдөж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зөвлөмж гаргалаа.