Таван хошуу малын яс, зэг зэм, дайвар зэргийг боловсруулж малын гаралтай тос гарган авах үйлдвэртэй боллоо. Тодруулбал Монголын анхны бүрэн автоматжуулсан мах ясны уураг, малын гаралтай тос боловсруулах PROTEIN үйлдвэр ашиглалтад орлоо.
Гахай, тахиа, загасны тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх “Protein” үйлдвэр Эмээлтэд нээлтээ /2019-02-15/ хийлээ. Үйлдвэр өдөрт малын гаралтай 96 тонн хаягдал түүхий эд боловсруулж 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
Өнөөдрийн байдлаар Монголчууд малаас гарах түүхий эдийн 30% буюу зөвхөн тураг махыг хүнсний зориулалтаар ашиглаж байна. Энэ нь бид жилдээ дунджаар 386 мянга гаруй тн малын гаралтай түүхий эдийг дайвар, яс, сэг, зэм болгон хаядаг гэсэн үг юм.