Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Сонсгол: Утаанд 2008-2023 онд нийт 1.7 их наядыг зарцуулсан.

Сонсгол: Утаанд 2008-2023 онд нийт 1.7 их наядыг зарцуулсан.

“Агаарын чанарын стандартыг батлахдаа нэмж, өөрчилсөн”

Агаарын бохирдолтой холбоотой хууль эрх зүйн орчныг хэрэгжүүлэхэд хангалтгүй байна. Улаанбаатар хотын уурын зуухуудад түүхий нүүрс хэрэглэхгүй байхыг даалгасан ч биелэлт нь хангалтгүй байгааг мэргэжилтнүүд онцлов. Тайланд нь хоршооны малчдад зориулж 32.5 тэрбум төгрөгийг журмын дагуу санхүүжүүлсэн гэж дурдсан байна.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний 32.2 хувь нь хэрэгжсэн, 23.1 хувь нь хэрэгжээгүй, 44.7 хувь нь дутуу хэрэгжилттэй, хяналт хангалтгүй, салбар хоорондын уялдаагүй, эзэн хариуцагчгүй байгааг онцолж байна.

2016 оны агаарын чанарын стандартыг батлахдаа хүхэрлэг хий, азотын давхар ислийн зөвшөөрөгдөх хэмжээг 2007 онд мөрдөж байсан стандартаас нэмж, өөрчилсөн байна. Ингэснээр хүхэрлэг хийн агууламж 2016 оны стандартаар 1.8 дахин их, 2020 онд жилийн дундаж агууламж Монголын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс 2.4 дахин өндөр байна. Нарийн ширхэгт тооцонсорын 2016 оны жилийн дундаж агууламж Монгол Улсын стандартаас 2.6 дахин их, ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.3 дахин их байсан бол 2020 онд Монголын стандартаас 1.8 дахин их, ДЭМБ-ын зөвлөмжөөс 4.5 дахин өндөр хэвээр байжээ.

Агаарын бохирдолд зарцуулсан төсвийг нэгтгэсэн тоо хэмжээ байгаагүй. Тухайн төсөв захирагчид нь өөрсдийн хэмжээнд танилцуулж байсан. Ямар нэгэн босго тоотой байхгүй бол дүгнэлт хийж, ирээдүйг төлөвлөх боломжгүй байсан гэдгийг шинжээчид онцлов.

Бодитой тоотой болгох шаардлага үүсч, аудитаар баталгаажсан, утааг бууруулахад зарцуулсан төсөв байх шалгуурыг тавьжээ. Шинжээчдийн гаргасан тоогоор Монгол Улс 2008-2023 онд нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Үүнд, Цэвэр агаар сан болон 2008-2016 онд 365.3 тэрбум төгрөгийг, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар 2017-2020 онд 465.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүн дээр “Тавантолгой түлш” ХХК-д 2021-2023 онд хийсэн аудитаар баталгаажсан дүн, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын 2021-2023 оны аудитын тайлангаас баталгаажсан дүн, Цэвэр агаар төсөл 2021-2023 оны тайлангаар баталгаажсан дүн гэх мэт бусад тоон мэдээллийг нэгтгэсэн байна.

Илэрсэн зөрчил нийт дүнгээр 295.9 тэрбум төгрөгийн 147 алдаа зөрчил гаргасан байна. Улсын төсөвт эргэн төлүүлэх 1.9 тэрбум төгрөгийн 18 төлбөрийн акт, хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 101.5 тэрбумын зургаан асуудал, зөрчил арилгуулах таслан зогсоох 143.6 тэрбум төгрөгийг 55 албан шаардлага, ажлын үр нөлөө үр ашгийг сайжруулах, арилгах 48.9 тэрбум төгрөгийн 68 зөвлөмж байна.

Үндэсний аудитын газрын 2014 оны гуравдугаар сарын 25-ны 3/462 дугаар аудитын гэрчилгээгээр Цэвэр агаар сангийн 2014 оны жилий эцсийн санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан байна. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн санхүүгийн тайлан 2022, 2023 оны гуравдугаар сарын 15-нд хязгаарлалттай дүгнэлт өгч байжээ. Энэ компани 2018-2021 оны санхүүгийн тайлангийн өөрчлөлтгүй байсан бол 2022 оноос санхүүгийн сахилга бат суларсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/283, А/323, А/435 дугаар тушаалыг тус тус үндэслэн халаалтын зуухны үнс, тоосонцорыг шүүх 290 ширхэг шүүлтүүрийг БНХАУ-ын дөрвөн хуулийн этгээдээс шууд худалдан авахаар байгуулсан 12 тэрбум төгрөгийн гэрээ гэмт хэргийн шинжтэй байсан. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны албан бичгээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн ЭТТ компаниас “Тавантолгой түлш” ХХК-тай байгуулсан гурван гэрээгээр 88.1 тэрбум төгрөг шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй байсан.

Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар нь 2023 онд гадаад сургалт зохион байгуулж, 106.4 сая төгрөгийн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан учраас аудитын байгууллагаас албан бичиг хүргүүлсэн.

Цэвэр агаар төслөөс айл өрхүүдэд 2021 онд олгосон 135.5 сая төгрөгийн цахилгаан халаагуурын эргэн төлөлт, 159 айл нь төлбөрийн чадваргүй болсон зэргээс шалтгаалан төлөгдөөгүй. Энэ хөрөнгө Дэлхийн банкны зээлийн хөрөнгө бөгөөд улсын өр болж, татвар төлөгчдийн мөнгөөр төлж байна.

Шинжээч агаарын бохирдлыг бууруулах төсвийг зориулалтын бусаар зарцуулсан жишээг түүвэрлэн танилцуулав.

Тэрбээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/371, 2019 оны А/246 дугаар тушаалыг үндэслэн Ховд аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө ирүүлээгүй байхад 800 сая төгрөгийг шилжүүлсэн, агаарын бохирдлыг бууруулахтай холбоогүй 36 айлын хашааны хаалгыг сайжруулах, жигдрүүлэх, барилгын зураг төсөл зэрэг ажилд 116 сая төгрөгийг зарцуулсан байна. Мөн нийслэлийн Засаг даргын 2019 оны арванхоёрдугаар сарын 19-ний “Цэвэр агаартай хот аяныг зохион байгуулах тухай” А/1332 дугаар захирамжийг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлын 210 са төгрөгийн зарцуулаагүй үлдэгдлийг Соёл урлагийн газарт шилжүүлж, хөрөнгийг нь зориулалтын бусаар ашигласан байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн