126 гишүүнтэйгээр бүрдсэн Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны Стратегийн төлөвлөгөөгөө баталлаа.
Энэхүү стратеги нь хүн төвтэй, өнөөгийн шаардлагад нийцсэн, хүний эрхийг хүндэтгэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой. Үүний хүрээнд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо 2025 оны эхний ажлаа Төрийн албаны зөвлөлтэй хамтран эхлүүлэв. Одоогоор төрийн албанд 950 гаруй зөрчил илэрсэн боловч хариуцлагын тогтолцоо сул хэвээр байгаагийн дээр ёс зүй, хандлагын асуудлууд үргэлжилсээр байна.
2025 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Г.Уянхишиг, Д.Цогтбаатар болон Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөгчид Төрийн албаны зөвлөлд ажиллав. Уг ажлын хүрээнд дэд хороо болон комиссын төлөөлөгчид Зөвлөлийн хяналтыг тодорхой болгож, бэхжүүлэх шаардлагатайг онцолсон юм. Төрийн албаны тухай хууль батлагдаад таван жил болж буй бөгөөд энэ хугацаанд 28 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Хоёр тал хүний эрх, ёс зүйн зөрчлүүдийг шийдвэрлэх цогц арга хэмжээ авах цаг болсныг тэмдэглэв.
Хүний эрхийн дэд хороо сонгон шалгаруулалтын явцад хүний эрхэд мэдрэмжтэй хандах, шалгалтын агуулгад хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг тусгахын чухлыг онцоллоо. Хоёр тал мэдээлэл солилцоог үргэлжлүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэж, Төрийн албаны зөвлөл хууль эрх зүйн орчныг сайжруулахад чухал үүрэгтэйг онцлон дурдсан байна.