2025 оноос эхлэн Монгол Улсын төрийн албан хэрэг хөтлөлтийг Монгол хэлний тухай хуулийн дагуу кирилл болон Монгол бичгээр давхар бичигтэй явуулна.
Монгол бичиг нь хүн төрөлхтний оюуны хөгжил, бичиг соёлд Монголчуудын оруулсан үнэтэй хувь нэмэр бөгөөд монголчууд бид уламжлалт бичгээ сурах, судлах, хамгаалах, өвлүүлэн үлдээх нэр төрийн үүрэгтэй билээ.
Монгол хэлний тухай хуульд дараах заалтууд тусгагдсан:
**”7.2. Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд энэ хуулийн 11.1.2-т заасан Үндэсний бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохих бэлтгэл хангасны үндсэн дээр албан хэргээ кирилл болон Монгол бичгээр давхар хөтлөн явуулна.
24.2. Энэ хуулийн 7.2 дугаар зүйл 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.”**
Боловсролын байгууллагууд Монгол бичгийн эзэмшлийг сэргээх, энэхүү хуулийг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ.
Монгол бичгийн мэдлэгийн талаарх анхны судалгаа 2021 онд зохион байгуулагдаж, 150,000 орчим төрийн албан хаагчийг хамруулсан бөгөөд дараах үр дүн гарсан:
Төрийн албан бичигт кирилл болон Монгол бичгийг давхар ашиглахад бэлэн эсэх талаар асуухад, төрийн албан хаагчдын 53.6 хувь нь “Тийм,” 46.4 хувь нь “Үгүй” гэж хариулжээ. Улсын дунджаас харьцуулахад Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын 74.7 хувь нь “бэлэн” гэж хариулсан нь хамгийн өндөр үзүүлэлттэй гарчээ.
200,000 төрийн албан хаагчийг хамруулсан өөр нэг судалгаагаар 69,400 буюу 34.7 хувь нь Монгол бичгийг нэгдүгээр ангиасаа хойш сурсан гэжээ.