2023 оны 12-р сарын 16-ны өдөр өглөөний 10:00 цагт Япон Улсын Гадаад хэргийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Икуина Акико Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Засаг дарга Хишигээгийн Нямбаатарыг бараалхалд хүлээн авч уулзлаа. Уулзалт ойролцоогоор 20 минут үргэлжилсэн бөгөөд дараах зүйлсийг хэлэлцэв.
Эхэнд нь Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Икуина ноён Нямбаатарын Япон Улсад айлчилж буйд талархал илэрхийлж, Монгол Улсын нийслэл хотын нэрийг “Улаанбаатар” хэмээн өөрчилсний 100 жилийн ойд баяр хүргэв. Мөн Япон Улс 2024 онд болсон Ното хойгийн газар хөдлөлтийн хохирогчдод Улаанбаатар хотын иргэдийн үзүүлсэн сэтгэл хөдөлгөм тусламжийг хэзээ ч мартахгүй гэдгийг онцолж, хохирол амссан бүс нутгийн сэргээн босголтын төлөө төр, засгийн түвшинд бүх талын хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Икуина Япон, Монголын хоорондын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаа олон талт ахиц дэвшил гарч буйг сайшааж, 2022 онд хоёр улсын удирдагчдын гаргасан “Хамтарсан мэдэгдэл”-д тулгуурлан “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г тууштай хэрэгжүүлэхийг эрмэлзэж буйгаа мэдэгдэв. Түүнчлэн хоёр улсын хооронд соёлын солилцоо эхэлсний 50 жилийн ой энэ онд тохиож байгааг дурдаад, цаашид ирэх 50 жилийн хугацаанд хоёр орны иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх чиглэлд ноён Нямбаатар хүчин чармайлт гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Үүний хариуд ноён Нямбаатар Улаанбаатар хотын тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхэд Япон Улсаас үзүүлсэн тусламжид талархал илэрхийлж, Улаанбаатар хотын хэрэгжүүлж буй холбогдох арга хэмжээний талаар танилцууллаа.