Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

УУХҮЯ болон “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөгчид Энэтхэгт айлчлав

УУХҮЯ болон “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөгчид Энэтхэгт айлчлав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөгчид 2017 оны 12 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд Энэтхэг улсад ажиллаж, тус улсын Гадаад хэргийн яам, “Инженерс Индиа Лимитэд” компани болон ЭКСИМ Банк зэрэг байгууллагад ажлын уулзалтууд хийв.

Төлөөлөгчид Энэтхэгийн Засгийн газраас Монгол улсад олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж буй ажлын явц, уг үйлдвэрийн техник, технологийн шийдэл цаашид гүйцэтгэх ажлуудын талаар санал солилцов.

Газрын тосны салбарт олон жил амжилттай ажиллаж томхон үйлдвэрүүдийг барьж байгуулсан туршлагатай, Энэтхэгт төдийгүй олон улсад нэр хүндтэй “Инженерс Индиа Лимитэд” компани Монгол улсад Газрын тосны үйлдвэр барьж байгуулах төслийн нарийвчилсан үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэлийг 2018 оны 2 дугаар сард хүлээлгэн өгөхөөр шамдан ажиллаж буйгаа танилцуулав.

Сайншандын Аж үйлдвэрийн цогцолборт барьж байгуулах Газрын тосны үйлдвэр нь дотоодын түүхий эдэд түшиглэн 1.5 сая тонн “Евро-V” стандартын бензин, дизель түлш жилдээ үйлдвэрлэх бөгөөд дагалдах 30 гаруй жижиг үйлдвэр байгуулагдаж 600 гаруй ажлын байр бий болох аж. Өмнө Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Засгийн газраас олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар шийдвэрлэснийг Улсын Их Хурал 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр соёрхон баталсан юм.

Хорин жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх, жилийн 1.75 хувийн хүүтэй, дэд бүтцийн салбарт 200 сая ам.доллараас дээш, бусад салбарт 100 сая ам.доллараас давсан өртөгтэй, стратегийн ач холбогдол бүхий төсөл хэрэгжүүлэхэд долоон жил төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт хугацаа нь 25 жил байх энэхүү зээлийг 20 жилийн дараа эгүүлж төлөхөд өнөөгийн өртөгөөр 1.4-1.5 тэрбум ам.доллар болох боловч үйлчилгээний төлбөрийг 1.75 хувиар тооцон зөрүүг Энэтхэгийн Засгийн газар төлж барагдуулах тул харьцангуй хямд өртөгтэй юм байна. Зээлийн санхүүжилт өнгөрөгч 8 дугаар сарын 25–ны өдрөөс эхэлж, 60 сарын хугацаанд үргэлжлэх аж.

Хоёр талын мэргэжилтнүүд уулзалтаар манай химийн аж үйлдвэрийн цоо шинэ энэ салбарт ажиллах үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, орон нутгийн ажиллах хүч, туслах материал, дэд бүтцийг түлхүү ашиглах, байгаль орчны төлөв байдлын суурь судалгаа, ерөнхий үнэлгээг гаргуулах, газар эзэмших эрхийг баталгаажуулах зэрэг асуудлаар мөн санал солилцов. Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яам, “Инженерс Индиа лимитэд” компани хамтран энэхүү төслийн ерөнхий мэдээллийг багтаасан “Монгол Улс: Газрын тос” товхимлыг нийтэд танилцуулжээ.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн