Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт томилолтоор ажиллахдаа Улсын аварга малчны болзол хангасан нэр бүхий малчдад шагналыг нь гардууллаа.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин Г.Гонгорбаатар, Л.Лувсанбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Д.Нямдорж нар энэ жил Улсын аварга малчнаар тодорсон байна.
Дээрх малчид жил дараалан мал сүргээ өсгөж үржүүлэн, малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарч иржээ. Мөн хадлан, тэжээл, хужир, шүүгээ өөрсдөө бэлтгэхээс гадна амьдралын баталгаажих түвшинээс доогуур орлоготой, малгүй олон өрхийг малжуулж, залуу малчдыг амьдрах ухаанд сургаж цөөнгүй шавьтай болсон байна. Малчид орон нутгийнхаа хөгжил, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд бусдыгаа манлайлан оролцож хандив, туслалцаа үзүүлжээ.
Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, 5 фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэж 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, 9 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулжээ. Мөн 9 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулсан юм.