Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хоёр дахь Үндэсний Хавдар Судлалын Төвийг 2030 онд ашиглалтад оруулна.

Хоёр дахь Үндэсний Хавдар Судлалын Төвийг 2030 онд ашиглалтад оруулна.

2025 оны 1-р сарын 6-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хоёр дахь Үндэсний Хавдар Судлалын Төвийн барилгын талбайд зочилж, уг төвийн бүтээн байгуулалтыг дэмжих Ажлын хэсгийн гишүүдээс явцын талаар мэдээлэл авлаа.

Хоёр дахь Үндэсний Хавдар Судлалын Төв нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо, Баянгол амны 12 га газарт байрлах бөгөөд төвд ажиллах 1,500 орчим эмч, ажилтныг АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран бэлтгэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
“Олон улсын стандартад нийцсэн, цогц, орчин үеийн хавдрын эмчилгээ, судалгааны төвийг нэн даруй байгуулах шаардлагатай байна. Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж буй энэ үед уг төслийг зөвхөн улсын төсөвт найдалгүй, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд урагшлуулахыг зорьж байна. Жил бүр хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд энэ төвийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулахгүй бол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоогоор 2040 он гэхэд Монгол Улсад хавдрын өвчлөл хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй.

95,000 м.кв талбай бүхий уг төвд 1,500 орчим эмч, ажилтан ажиллана. Хавдрын асуудлыг гүнзгий судалж, ард иргэдийн зовлонг ойлгож буй Улсын Их Хурлын гишүүд энэ ажлын хэсэгт оролцсон нь энэ санаачилгыг урагшлуулахад чухал хүч болно” гэж онцоллоо.

Монгол Улсад хавдрын шалтгаант нас баралт 24 хувьтай байгаа нь дэлхийн дундаж 17 хувиас өндөр үзүүлэлт юм. Мөн хавдартай өвчтөнүүдийн 70 орчим хувь нь өвчний хожуу шатанд оношлогддог байна.

Шинэ төв нь 600 ортой бөгөөд дөрвөн блокоос бүрдэх 7 давхар барилга байх юм. Тодруулбал:

  • “A” блок: Хог хаягдлын менежмент, амбулаторийн үйлчилгээ, сургалт, судалгаа, хэвтэн эмчлүүлэх тасаг
  • “B” блок: Ариутгал, амбулаторийн үйлчилгээ, дүрс оношилгоо, дурангийн оношилгоо, мэс засал, лаборатори, оффис
  • “C” блок: Хими эмчилгээ, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх тасаг
  • “D” блок: Цацрагийн эмчилгээ, эмгэг судлал

600 ортой Хоёр дахь Үндэсний Хавдар Судлалын Төвийн барилгын ажил ирэх хавраас эхэлж, 2030 онд бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Монгол Улсын Засгийн газар хавдрыг эрт илрүүлэх, иргэдийг орон нутагт нь хавдрын тусламж үйлчилгээ авах боломжоор хангах, хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд Үндэсний Хавдар Судлалын Төвийн өргөтгөл болон бүсийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхэд улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгө тусган ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн