Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Очирбат Дагвадорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид 2025 оны 1-р сарын 7-11-ний өдрүүдэд Хятадын Халдвар хамгааллын төвд айлчиллаа.
Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яам, Үндэсний халдварт өвчин судлалын төв, Үндэсний эрүүл мэндийн төв, Монгол Улс дахь ДЭМБ-ын Төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан (ЮНИСЕФ)-ийн төлөөлөгчид оролцов.
Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Очирбат Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны орлогч сайд, Хятадын Халдвар хамгааллын төвийн захирал Профессор Шен Хонгбинтэй албан уулзалт хийв. Талууд эрүүл мэндийн салбарт, тусгайлан халдвар хамгааллын чиглэлээр хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж байгааг тэмдэглэжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Очирбат хэлсэн үгэндээ: “Монгол Улс анх удаа Эрүүл мэндийн үйлчилгээний тухай хуулийг боловсруулж, 2024 оны 1-р сарын 12-нд Монгол Улсын Их Хурлаар батлуулж, 2024 оны 4-р сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэ хуулиар Үндэсний халдвар хамгааллын төв болон Эрүүл мэндийн төв байгуулах нь хуульчилсан. Мөн ийм төвүүдийг байгуулснаар Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой, Монгол Улсын богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж байна” гэжээ. Төрийн нарийн бичгийн дарга Профессор Шен Хонгбингд Хятадын Халдвар хамгааллын төвийн бүтэц, үйл ажиллагаа, сайн туршлага, амжилтуудтай танилцах боломж олгосон тул талархал илэрхийлж, Монголд айлчлах урилга хүргүүлсэн байна.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны орлогч сайд, Хятадын Халдвар хамгааллын төвийн захирал Профессор Шен Хонгбин Монгол Улсад Халдвар хамгааллын төв байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа баталжээ.