Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хүмүүнлэгийн тусламжийн байгууллагаас малчин өрхүүдийн хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээг хийлээ.

Хүмүүнлэгийн тусламжийн байгууллагаас малчин өрхүүдийн хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээг хийлээ.

2024 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Чехэд төвтэй “Хүмүүнлэгийн тусламж” (People in Need – PIN) байгууллага Баян-Өлгий, Ховд аймгийн малчин өрхүүдэд зориулсан “REACH” гамшгийн дараах сэргээн босголтын төслийг хэрэгжүүлжээ. Зудын үед малчин эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал тавихад хүндрэл учирдаг. Хүүхдүүд малаа маллахад туслахын тулд ажиллаж, сургуульд явахгүй эсвэл хараа хяналтгүй үлдэх нь элбэг бөгөөд энэ нь тэдний аюулгүй байдал, сайн сайхан байдалд эрсдэл үүсгэдэг. Мөн мал сүргээ алдсан сэтгэлзүйн дарамт нь эцэг эхчүүдэд сөрөг нөлөө үзүүлж, хүүхдүүдэд сөрөг орчин үүсгэх магадлалтай. Үүнээс сэргийлэхийн тулд PIN ажиллаж байна.

“[REACH] төслийн хүрээнд манай сумын зудын нөлөөнд өртсөн 15 малчин өрхийг сонгон авч, үнэлгээ хийсэн. Анхны таамаглалын дагуу эдгээр өрхүүдийг хүүхэд хамгааллын асуудал үүсэж болзошгүй эрсдэлтэй гэж тодорхойлсон. Үнэлгээний явцад надад хамгийн их анзаарагдсан зүйл бол бид эрсдэлтэй гэж тодорхойлогдсон өрхүүдэд үнэлгээ хийж байгаа явдал. Харин эрсдэлтэй гэж тодорхойлоогүй бусад өрхүүдэд ямар асуудал тулгарч байгааг, тэдний хүүхдүүд хэрхэн хохирч байгааг мэдэх боломжгүй. Энэ нь бүх малчин өрхөд хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийхийн чухлыг надад ойлгуулсан” гэж Хүүхэд хамгааллын олон талт багийн гишүүн Д.Батцэцэг хэлэв.

Тус төслийн нэг онцлог нь 270 малчин өрхөд хүрч, тэдний гэрт нь очиж хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийсэн явдал байлаа. Зудын үед малчид хүүхдүүддээ анхаарал хандуулах боломжгүй болох нь элбэг. Зарим хүүхдүүд хараа хяналтгүй үлдэх, хатуу ширүүн нөхцөлд мал хариулах, эсвэл сургуульд явахаа болих зэрэг асуудалтай тулгардаг. Мөн мал сүргээ алдсан малчид сэтгэлзүйн дарамтад орж, хүүхдүүддээ бухимдлаа гаргах магадлалтай бөгөөд энэ нь хүүхдийн сэтгэлзүйн эрсдэл үүсгэдэг.

Ердийн нөхцөлд ч малчин өрхүүдэд очиж, хүүхэд хамгаалал зэрэг нийгмийн үйлчилгээ үзүүлэх нь маш ховор байдаг. Иймд эдгээр үнэлгээг төслийн гол хэсэг болгов. Үнэлгээнд нийт 794 малчин эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд оролцсон бөгөөд аймгийн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд эрсдлийг бууруулах зөвлөгөө өгч ажилласан.

Энэхүү үнэлгээг Баян-Өлгий, Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд хийсэн бөгөөд үнэлгээ хийхийн өмнө 2024 оны 6-р сарын эхээр эрсдэлийн үнэлгээ хийх арга зүйн сургалтыг төслийн хүрээнд зохион байгуулсан байна.

“6-р сард аймгийн төвд болсон Хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээний арга зүйн сургалтад хамрагдсан. Дараа нь үүрэг даалгавраа аваад, тэр сард малчин өрхүүдэд очиж үнэлгээ хийсэн. Урьд нь би малчин өрхүүдэд янз бүрийн зорилгоор очиж байсан. Гэвч сургалтад хамрагдаж, үнэлгээ хийсний дараа миний үзэл бодол өөрчлөгдсөн. Одоо малчин өрхүүдэд очихдоо амьдралын нөхцөл байдал, хүүхдүүд хэрхэн байгаа, эрсдэл бий эсэх, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцаж байгаа зэргийг анзаардаг болсон” гэж Хүүхэд хамгааллын олон талт багийн гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэв.

Энэхүү төслийн хүрээнд хийгдсэн үнэлгээ нь малчин эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүд болон сумын түвшний Хүүхэд хамгааллын олон талт багийн гишүүдийн хандлагыг өөрчилжээ.

“Би хүүхэд хамгааллын чиглэлээр 19 жил ажиллаж байна. Гэвч би өмнө нь малчин өрхүүдэд очиж, хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийж байгаагүй. Энэхүү төсөлд багтаж хийгдсэн үнэлгээ анхных нь байлаа. Урьд нь бид зөвхөн хүчирхийллийн талаарх мэдээллийг шалгах, хүүхдийг хамгаалах арга хэмжээ авах зорилгоор л өрхүүдэд очдог байсан. Гэвч энэ ажлыг хийсний дараа ямар нэгэн хүчирхийллийн мэдээлэл ирээгүй үед ч эрсдэлийг илрүүлэх зорилгоор малчин өрхүүдэд очих нь чухал гэдгийг ойлгосон. Эрсдэлийг бууруулах зөвлөгөө, мэдээлэл өгөх нь маш чухал юм” гэж Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн тайлбарлав.

Хүүхэд хамгааллын үнэлгээнд хамрагдсан 270 малчин өрх бүрт 660,000 төгрөгийн (ойролцоогоор 180 ам.доллар) нэг удаагийн мөнгөн тусламж үзүүлжээ. Малчид энэ мөнгийг голчлон хүүхдүүдээ сургуульд бэлтгэх, хичээлийн хэрэгсэл худалдан авахад ашигласан байна. Малчин өрхүүдийн хувьд сургуультай холбоотой зардлыг даахад мөнгө нэн чухал бөгөөд ялангуяа олон хүүхэдтэй үед энэ асуудал хүндрэлтэй байдаг. Үүнээс гадна, мал сүргээ алдсан эсвэл малыг тэжээх зээл авсан тохиолдолд нөхцөл байдал улам хүндрэх хандлагатай. Тиймээс энэхүү мөнгөн тусламж нь зудын улмаас үүссэн санхүүгийн ачааллыг бууруулж, хүүхдүүдийг сургуульд суралцах боломжийг хангахад тусалсан.

Цаг уурын өөрчлөлтийн нөлөөг хамгийн түрүүнд мэдэрдэг хүмүүсийн нэг бол малчид юм. Тэдэнд энэ шилжилтийн үед дэмжлэг үзүүлж, ирээдүйгээ төлөвлөхөд нь туслах нь хүнлэг, энэрэнгүй үйлс билээ.

Энэхүү төсөл нь Бүгд Найрамдах Германы Элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд зудын нөлөөнд өртсөн малчин өрхүүдийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын хэрэгцээг хангахад чиглэгдсэн юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн