Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хүүхдийн эрүүл мэндийн тухай ҮНЭН ба ХУДАЛ

Хүүхдийн эрүүл мэндийн тухай ҮНЭН ба ХУДАЛ

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ҮНЭН, ХУДАЛ

Цуу яриа №1. “Хүүхэд доошоо харж унтаж байвал элэг муутай/шарласны шинж байдаг.”

ХУДАЛ. Эрүүл мэндэд тустай үгүй эсэхээс үл хамааран хүүхэд/хүн бүрт унтах хамгийн тохиромжтой байрлал байдаг. Зарим нь ихэвчлэн баруун талаараа харж унтахад их тавтай сайхан байдаг бол зарим нь “ургийн” байрлалд унтдаг. Ердөө л энэ шалтгаанаар зарим хүүхэд доошоо харж унтдаг. Харин элэг муутай/шарласны шинжүүд бол ихээр ядрах, хоолонд дургүй болох, арьс салст шарлах зэрэг болно. Гэхдээ манай улсад хийгдэж буй вакцинжуулалтын ачаар А болон В гепатит өнөө цагт ховор тохиолдож байна. Харин С гепатитын хувьд харамсалтай нь одоогоор вакцингүй бөгөөд өвчний шинж тэмдэг бараг илэрдэггүй онцлогтой. Иймд оношлогоо эмчилгээ хийгдэхгүй өнгөрч архаг хэлбэр улмаар элэгний хатуурал, хавдарт шилжих нь элбэг.

Цуу яриа 2. “Хүүхэд шөнийн турш хэд хэд сэрж, уйлагнах нь бий. Энэ нь шууд тархи мэдрэлийн асуудалтай гэсэн үг биш.”

ҮНЭН. Дийлэнх хүүхэд (томчууд ч бас) шөнөдөө нэг ба түүнээс олон сэрдэг. Томчууд бид сэрээд байрлалаа өөрчлөөд л эргээд унтдаг. Хөхүүл хүүхэд шөнийн турш дунджаар 2-4 удаа сэрнэ. Зарим нь жаахан яраглаж, эсвэл хэдхэн минут уйлж байгаад буцаад унтдаг бол зарим нь тэгдэггүй. Тэд чинь дэндүү нялх учраас эргээд унтах аргаа олдоггүй тусламж гуйн уйлдаг юм. Иймд тэднийг эргээд өөрөө унтдаг болгоход сургах хэрэгтэй.

Цуу яриа №3. “Нярай, хөхүүл хүүхэд зулайгаараа амьсгалдаг. Иймд зулай эрт хаагдах, зузаан хагаар хучигдах зэрэгт тархины хүчилтөрөгчийн дутагдал үүснэ.”

ХУДАЛ. Гавлын ясны уулзваруудын хоорондох зай буюу зөвхөн хуйхаар хучигдсан тархины хэсгийг зулай гэнэ. Зулай нь хүүхдийг эхийн төрөх замаар гарахад толгой хэлбэр болоод хэмжээгээрээ өөрчлөгдөх боломжийг олгож байдаг бол төрснөөс хойш эхний хоёр жил уураг тархи томорч хөгжих нөхцлийг хангах гол үүрэгтэй. Түүнээс биш арьс гэдэг утгаараа амьсгалах буюу тархи болоод бусад эд эрхтэнг хүчилтөрөгчөөр хангах ямар ч боломжгүй. Угаасаа арьсны үндсэн үүрэг нь хамгаалах юм. Хүн зөвхөн уушгиараа л амьсгалдаг, харин зарим уушгигүй амьтад арьсаараа амьсгалдаг гэдгийг National Geographic Kids уншдаг багачуудтомчуудаас сайн мэддэг.

Цуу яриа №4. “Хүүхэд хөлөрч байвал шууд утгаараа рахиттай гэсэн үг биш.”

ҮНЭН. Хөлрөх нь арьс хамгаалахаас гадна Д аминдэм нийлэгжүүлэх үүрэгтэй. Тэгвэл нөгөө нэг үүрэг нь арьсанд агуулагдах хөлсний булчирхайн тусламжтайгаар дулаан зохицуулах явдал юм. Халуун орчинд биеийн дулааныг тогтвортой байлгахын тулд хөлс гарч, илүүдэл дулааныг ууршуулж бие махбодыг хэт халахаас сэргийлж байдаг. Хүүхдийн биеийн гадаргуу биеийн жинтэй нь харьцуулбал том хүнийхээс бараг гурав дахин их тул халуун орчинд биднийг бодвол амархан халдаг. Хөхүүл, бага насны хүүхдийн хувьд толгой, хүзүү, алга, тавхайд байрлах хөлсний булчирхай илүү сайн хөгжсөн байдаг тул энэ л хэсгүүдээрээ хөлөрч халуунаа зохицуулдаг. Илүүдэл жинтэй, тарган хүүхэд илүү их хөлөрнө. Хүүхэд дунджаар 2-4 нас хүртлээ ихээр хөлөрнө, харин түүнээс хойш их хөлөрдөг удамгүй л бол эрс багасдаг. Тэгэхээр зөвхөн хөлөрч буйд үндэслэн рахит гэсэн оношийг тавих үндэслэлгүй. Хэрвээ санаа зовох асуудал байгаа бол хүүхдийнхээ цусанд Д аминдэмийг хэмжээг тодорхойлуулж болно.

Цуу яриа №5. “Эхийн үтрээний мөөгөнцөр хөхний сүүгээр дамжин хүүхдэд мөөгөнцрийн халдвар үүсгэнэ.”

ХУДАЛ. Үтрээний мөөгөнцөр цусанд ороод тэр нь хөхний сүүгээр ялгарч ам залгиурын, арьсны гэх мэт мөөгөнцөр үүсгэх ямар ч боломж байхгүй.

Цуу яриа №6. “Антибиотик эмчилгээтэй хамт заавал мөөгөнцрийн эм уулгах албагүй.”

ҮНЭН. Дийлэнхдээ антибиотик эмчилгээний хажуугаар заавал мөөгөнцөрийн эм уулгах шаардлага байхгүй, манайхаас өөр ямар ч оронд ингэдэггүй. Зөвхөн ДОХ, хорт хавдар, хүнд тураалтай хүүхдэд л антибиотиктой хамт мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэнэ.

Цуу яриа №7. “Нүдний доогуур, уруул болон ам тойрсон арьс хөх туяатай байх нь хүчилтөрөгч дутлын шинж юм.”

ХУДАЛ. Хөхүүл, бага насны хүүхдэд энэ нь хэвийн үзэгдэл. Харин уруул, хэл хөх байх нь хүчилтөрөгч дутлын шинж мөн.

Цуу яриа №8. “Хүүхдийг уйлахад нь тэвэрч сургавал муу зан сурч, хүмүүжил нь эвдэрнэ.”

ХУДАЛ. Хүүхэд хэзээ ч хайр халамж, анхаарал энхрийллээр илүүдэж, муу хүн болдоггүй.

Цуу яриа №9. “Хөхүүл хүүхдийн үс унах нь рахитаар өвчилсөн гэсэн үг биш.”

ҮНЭН. Амьдралын эхний 6 сар хүүхдийн үс унах нь хэвийн үзэгдэл тул санаа зовох асуудал биш. Шилээ шөргөөдөг хүүхдийн дагзны үс халцрах нь ч рахитын шинж биш. Хөхүүл хүүхэд шилээ шөргөөх нь бага насны хүүхдийн хуруугаа хөхөх, хумсаа идэх, толгойгоороо санаатай мөргөх, сургуулийн хүүхдийн гарын хуруунуудаа дуугаргах, хөлөө савчуулах, биеэ хөдөлгөх зэрэг зуршилтай яг адил гэдгийг ойлгох хэрэгтэй.

Цуу яриа №10. “Хүүхдээ өлгийдөх нь түүнийг тайвшруулж, цочихоос сэргийлдэг.”

ҮНЭН. Өлгийдөх нь хүүхдийг дулаан байлгаж, эхийн хэвлийд буй мэт сэтгэгдэл төрүүлэн тайвшуулдаг бөгөөд цочиж сэрэхээс хамгаалж илүү удаан сайн унтуулдаг давуу талтай. Иймд зарим их уйлдаг хүүхдийг өлгийдөхөд тайвширдаг ч явдал бий. Хамгийн чухал нь хүүхдийн хөдөлгөөнийг боохгүйгээр сул/зөв өлгийдэх явдал юм.

Comments (1)

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн