Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол, Австрали хоёр орны хөгжлийн гол хөтөлбөр юм. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 1990-ээд оноос хойш 500 орчим Монгол иргэн Австрали улсад суралцан төгсч, улмаар Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байна.
Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг “Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар” голчлон зохион байгуулдаг. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол улсын хүний нөөцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Монгол улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын зэрэгт суралцуулахад чиглэдэг.
Тэтгэлгийг Австралийн дээд боловсролын байгууллагын тодорхойлсон хичээлийн хөтөлбөрийг дүүргэхэд шаардлагатай хугацаанд олгодог. Үүнд баримжаа олгох сургалтыг хамруулж ойлгодог байна. Тэтгэлэгт нь сургалтын төлбөр, хоёр талын онгоцны тийз, байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материалын зардлууд болон сард хоёр удаа олгодог амьжиргааны зардал, баримжаа олгох сургалтын зардал буюу Австрали улсад амьдрах, сурах талаар мэдээлэл агуулсан заавал хамрагдах шаардлагатай 4-6 долоо хоногийн сургалт, эрүүл мэндийн даатгал зэрэг зардлуудыг хөтөлбөрөөс олгодог.
Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэн Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд хамт явах асран хамгаалагчийнх нь зардлыг ч мөн шийдвэрлэдгээрээ давуу талтай. Австрали улсад явж суралцагсдын 60-70 хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд эрэгтэйчүүдийг хөтөлбөрт хамруулан сургах сонирхол бас байдаг байна.
Австралийн Засгийн газрын тэтгэлэгт сургалтын талаарх шаардлагатай мэдээллийг Австрали улсын элчин сайдын яам болон “Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар”-ын http://australiaawardsmongolia.org/index.php/mn/ цахим хуудас, Орхон аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны албанаас авч болно. Өргөдөл хүлээн авах хугацаа 4 дүгээр сарын 1-нд дуусах юм.