Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хөхний сүүний тухай ҮНЭН ба ХУДАЛ

Хөхний сүүний тухай ҮНЭН ба ХУДАЛ

Монголчууд бид өвчинтэй нүүр тулгарах үедээ голдуу хэн нэгний туршлагаас, эсвэл ам дамжсан цуу ярианд автаж, эмчгүйгээр өөрсөддөө онош тавьж, буруу эмчилгээ хийчих гээд байдаг сул талтай.

“Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц” гэдэг хэлцийг амьдралдаа хэрэгжүүлдэг ч онохоосоо илүү алдсан нь олонтаа.

Бүр илүү өвчнөө хүндрүүлээд эмнэлгийн бараа харах нь ч бий. Ингээд мэргэжлийн эмчийн өгсөн мэдээлэлтэй танилцана уу…

Цуу яриа №1. “Төрсний дараа гурав дахь хоногоос хөхөнд сүү орж эхэлдэг юм билээ. Кесар хагалгаагаар төрөхөд сүү орох нь илүү удаан байдаг юм.”
ХУДАЛ. Ихэнх хүмүүс энэ асуудал дээр буруу бодолтой явдаг. Бүр төрөхөөс өмнө хөхөнд сүү орж эхэлдэг. Жирэмсний сүүлийн, төрсний дараах эхний хоногуудад бүрэлдэх сүүг ангир уураг гэнэ. Энэ нь маш бага хэмжээтэй боловч дөнгөж төрсөн нярай хүүхдийн хэрэгцээг хангахуйц байдаг. Төрсний дараах эхний хоногуудад хөх чинэрээгүй, зөөлөн, эмзэглэлгүй байх нь хөхүүлж болон хөхөж сурахад ихээхэн ач холбогдолтой. Ямар аргаар төрснөөс үл хамааран эхэс умайгаас ховхорсон мөчөөс эхлэн хөхөнд сүү орох явц эрчимжиж эхэлдэг.

Цуу яриа №2. “Хөхүүл эхчүүд мах, гурилаас өөр хоол хүнс идэж болохгүй. Бусад хүнс хүүхдийн гэдсийг хямруулах аюултай.”
ХУДАЛ. Үнэн хэрэгтээ урд нь юу идэж, ууж байсан түүнийгээ үргэлжлүүлж болно. Энэ нь эх болоод хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.

Цуу яриа №3. “Хөхүүлэх бүртээ хөхний толгойгоо угааж цэвэрлээд байх шаардлагагүй. Ингэвэл амархан хагарах аюултай.”
ҮНЭН. Хөхний толгой нянгийн эсрэг үйлдэлтэй хамгаалалтын тос өөрөөсөө ялгаруулж байдаг. Иймд хөхийг байнга угаах шаардлагагүй бөгөөд харин ч савандсанаар толгойг нь үрэвсүүлж цочроох, байгалийн хамгаалалтын тосыг арилгах аюултай. Хөхийг өдөрт нэг удаа усаар угаахад л хангалттай.

Цуу яриа №4. “Хөх том бол сүү сайтай байна, харин жижиг бол сүү муутай байдаг.”
ХУДАЛ. Зарим хүмүүс ийм буруу бодолтой явж, түүнийгээ мэдэмхийрэн бусдад итгэл үнэмшил төрүүлэхүйц ярьдаг. Үнэн хэрэгтээ хөхний хэмжээ нь түүнд хэр зэрэг өөхлөг эд агуулагдаж байгаагаас шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, том хөхтэй бол сүү ялгаруулдаг булчирхай нь том гэсэн үг биш, харин өөхлөг эд ихтэй гэсэн үг. Иймд хөхний хэмжээ сүүний гарцад нөлөөлдөггүй.

Цуу яриа 5. “Зарим эхчүүдийн сүү шингэн байдаг ч тэр нь сүүний чанарт нөлөөлж, хүүхдийн жинд нөлөөлдөггүй.”
ҮНЭН. Бүр тураалтай эхчүүдийн хөхний сүү ч хангалттай тэжээллэг байдаг. Өөрөөр хэлбэл, эхийн бие махбодид байгаа шимт бодисыг хөхний сүүгээр ялгаруулдаг гэсэн үг. Иймд хүүхдийн чинь жин сайн нэмэгдэхгүй байгаа бол хөхний сүүний тэжээллэг чанараас биш, хэмжээнээс эсвэл хүүхдийн эрүүл мэнд асуудалтайг илтгэнэ.

Цуу яриа №6. “Хөхөөр хооллож буй хүүхдэд ус өгч болохгүй.”
ҮНЭН. Хөхний сүүний 87 хувийг ус эзэлдэг. Иймд дан хөхөөр хооллож буй хүүхдэд (эхний 4-6 сар) зуны аагим халуунд ч нэмэлт ус/шингэн өгөх шаардлага байхгүй.
Цуу яриа №7. “Хөхүүлэхгүй олон цаг болоход хөхөн дэх сүү мууддаг тул заавал сааж байж хөхүүлэх ёстой.”
ХУДАЛ. Сүү хөхөндөө хэдэн цаг, өдөр болсон ч мууддаггүй. Иймд шууд хөхүүлэхэд ямар нэг асуудалгүй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн