Өнөөдөр, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүллээ.
2025 оны улсын төсөвт 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг баталсан бөгөөд үүнээс 300 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээлд, 488.9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зээлд, 66.4 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн татаасанд тус тус хуваарилж, засгийн газраас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) “Ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтийн гэрээг Худалдаа, хөгжлийн банк, Голомт банк, Хаан банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк, М банк, Ариг банк зэрэг 10 арилжааны банктай байгууллаа.
Нээлтийн үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Ноос, ноолуур, арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой “Цагаан алт” хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Манай улсын ноос, ноолуурын 70 гаруй хувь, арьс ширний 30-40 хувь нь одоогоор зөвхөн анхан шатны боловсруулалт хийгдэж байна. Тиймээс “Цагаан алт” хөтөлбөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Энэ хөдөлгөөн нь Монгол Улсын уул уурхайгаас хэт хамаарлыг бууруулж, эдийн засгийг төрөлжүүлэх эхлэлийг тавьж байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн уламжлалт салбаруудаа сэргээж хөгжүүлэх замаар бид урагшлах боломжтой. Улс төр, нийгэм, эдийн засгийн энэ таатай нөхцөлд бид хөнгөн үйлдвэрлэлийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах нь чухал” гэж онцоллоо.