Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Цахим орчинд хүчирхийллийн талаар “давалгаалах нь” хүчирхийлэгчдэд сэдэл өгдөг

Цахим орчинд хүчирхийллийн талаар “давалгаалах нь” хүчирхийлэгчдэд сэдэл өгдөг

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.05.07) хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

Эхлээд Хүүхдийн эрх хамгааллын “Үжин” төвд ажиллалаа. Тус төв бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдэд нөхөн сэргээх 12 төрлийн үйлчилгээг үзүүлдэг юм байна. Гэр бүлийн орчныг бүрдүүлдэг учраас орны багтаамжаас шалгаалан 6 хүүхдийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай ч одоогийн байдлаар 13 хүүхэдтэй байна. Гэр бүлийн харилцааны сөрөг тал, архины хамааралтай эцэг эх, салалт зэрэг нь хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл болж байгааг тус төвийн захирал Д.Ундраа хэллээ. Тэрбээр, “Орон нутгийн хэмжээнд баг, хороо, сум дүүргийн Засаг дарга нар хүн амынхаа талаар бүрэн мэдээлэлгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэггүй, эрүүл мэндийн байгууллагуудын хандлага муу, цэцэрлэг, сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтнууд хүүхдүүдэд хүчирхийллийн эсрэг сургалт, мэдээлэл өгдөггүй зэрэг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байдлаас болж хүүхэд хохирдог. Орон нутгийн Засаг дарга нар малынхаа тоог цээжээрээ хэлдэг атлаа хүүхдийн тоогоо тэр дундаа эрсдэлт бүлгийн өрх, хүүхдийн тоог огт мэдэхгүй байдаг. Төрийн бодлого шийдвэрүүд ихэвчлэн “өнгөрсөн борооны араас цув нөмрөх” гэдэг шиг хүчирхийлэл болсны дараа хамгаалахад чиглэж байна. Иймд хүүхдүүдэд бага наснаас нь хүчирхийллийн талаарх мэдлэгийг насны онцлогт нь тохируулан өгдөг байх сургалтын хөтөлбөртэй болох зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, олон улсад сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт “бахирах” буюу “чиний биед хэн ч зөвшөөрөлгүй хүрч болохгүй. Хэрэв хүрвэл хашгирч бусдад мэдэгдэх ёстой” гэдгийг нь ойлгуулдаг. Төсөв мөнгөний хүрэлцээ муутайгаас мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудыг тогтвортой ажиллуулахад хүндрэлтэй байдаг. Хамгаалах байранд нэг хүүхдийг 3 сараас 1 жил хүртэлх хугацаанд байлгах боломжтой. Одоогийн байдлаар хамгийн удаж байгаа хүүхэд 7 сар болсон байна. Хүүхдийн хөгжил хамгааллын зардлаас авсан төсөв байрны түрээс, цахилгаан, дулааны төлбөрт таардаг” гээд түр хамгаалах байрны асуудлыг бодлогын хэмжээнд шийдэж өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас хүсэв.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүд сэтгэл санааны хүнд хямралтай, амиа хорлохыг хэд хэдэн удаа оролдсон, бэлгийн замын халдварт өвчинтэй байдаг учраас чадварлаг, мэргэжлийн нийгмийн ажилтантай байх шаардлагатай байдаг байна. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй. Төрөөс үнэ төлбөргүй өмгөөллөөр хангах ёстой ч тэдгээр өмгөөлөгчдийн ур чадвар муу, шүүх хуралдаандаа ирдэггүй зэрэг асуудлууд тулгардаг. Хүчирхийлэл үйлдэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралд орж байхад хохирогчид өмгөөлөгчгүй байдаг талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун, төвийн захирал Д.Ундраа нар хэлж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хийсэн судалгаагаар нийгмийн цахим сүлжээгээр хүчирхийллийн талаарх мэдээллийг хяналтгүйгээр цацаж байгаа нь нэг талаар сэрэмжлүүлэг болдог ч нөгөө талаар хүчирхийлэгчдэд “ингэж болох юм байна” гэсэн сэдэл өгдөг нь тогтоогджээ.

Бэлгийн хүчирхийллийн хохирогчид зөвхөн охид байхаа больж, сүүлийн үед хөвгүүдийн асуудал ч яригдах болсон байна. Тиймээс зөвхөн ялын бодлогоор бэлгийн хүчирхийллийн асуудлыг шийдэхгүй. Урьдчилан сэргийлэх ажлыг хийх нь хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн