Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХАМТ ОЛОНДОО ЧИН СЭТГЭЛИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХАМТ ОЛОНДОО ЧИН СЭТГЭЛИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Эх орныхоо хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж, эрчим хүчний салбарынхаа их түүхийг бичилцэж, илч гэрэл түгээх эрхэм үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын үе үеийн инженер, техникийн ажилтан, албан хаагч, эрдэмтэн мэргэд, ахмад буурлууд болон мэргэжил нэгт нөхдөдөө “Эрчим хүчний салбарын ажиллагсдын өдөр”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлье.

Эрчим хүчний салбарын хамт олон эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн түүчээ болж, хэрэглэгчдийнхээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглээг тасралтгүй, найдвартай хангахын төлөө, улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхтэй билээ.

Өнгөрсөн жилийн хугацаанд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байсан нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж Улсын Их Хурлаар батлууллаа .

Жилээс жилд өсөн нэмэгдэж буй хэрэглээний өсөлтийг хангах “Дарханы дулааны цахилгаан станц”- ын 35 МВт өргөтгөл, “Дулааны 4-р цахилгаан станц”-ын турбины шинэчлэлийн ажлын эхний хэсэг, Улаанбаатар-Мандалговийн 330 кВ- ын 250 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын ажил дуусч,”Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлүүдийн ажил эхэлж байна.

Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц барих гэрээ хийгдэн, Оюутолгойн уурхайн эрчим хүчийг 2023 оноос дотоодын эх үүсвэрээрээ хангах нөхцөл бүрдлээ.
Архангай, Баянхонгор, Говь- Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудын төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэлж байна.
Энэ төсөл хэрэгжсэнээр байгаль орчинд сөрөг нөлөө багатай, орчин үеийн дэвшилтэт технологийн дулааны станц, дулаан дамжуулах шугам сүлжээ баригдан ,орон нутгийн хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар тогтмол хангаж , орон нутагт тохилог орчин үеийн орон сууцжуулалтыг эхлүүлэх улмаар нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, ажилгүйдэл багасах, үйлдвэрлэл хөгжих нөхцөл бодитойгоор бүрдэх юм.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд бидний санаачилж эхлүүлсэн ажлууд бодит үр дүнгээ өгч эхэллээ.
Сайжруулсан шахмал түлшний “Тавантолгой түлш” ХХК- ийн үйл ажиллагаа жигдэрч, Нийслэлийн агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах боломж бүрдэж байна.
Мөн гэр хорооллын 40 мянган өрхийг цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүллээ. Эдгээр хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд ирэх өвөл Нийслэлийн агаарын бохирдол эрс буурна гэж төлөвлөж байна.
Улс орон, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө тавьсан зорилго, хүлээсэн хариуцлагаа бүтээлч хөдөлмөрөөрөө нэр төртэй биелүүлж байгаа салбарынхаа төр, хувийн хэвшлийн 12 мянга гаруй хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, аз жаргал, эрүүл энх,сайн сайхныг хүсэн ерөөе.

Монгол улсын гал голомт мөнхөд бадрах болтугай.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Эрчим хүчний сайд Цэрэнпилийн ДАВААСҮРЭН

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн